
“Ханиараа үүрд бахархаж, ханийнхаа нэрийг өндөрт өргөж явах болно оо” хэмээн ярих энэ бүсгүйг Д.Лхамсүрэн гэдэг. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын дунд сургуулийн бага ангийн багш. Энэ оны нэгдүгээр сард тэдний гэр бүлд хагацал тохиож тэрбээр, дөрвөн хүүхдээ тэврээд хоцорсон билээ.
Эргэн сануулбал, хуурамч диплом ашиглан боловсролын байгууллагад 12 ажилласан хэмээн улсад 126 сая төгрөг төлөх болж, энэ мөнгөө хоёр жил орчим төлсний эцэст гаднаа түлэх түлээгүй болтлоо амьдрал нь хүнд болсон тул ар гэрээ энэ их өрнөөс гаргаж, амиараа төлөхөөс өөр аргагүйд хүрлээ хэмээн гэрээслэл бичиж үлдээн түүний нөхөр амиа хорлосон юм. Банк болон банк бусаас зээлж ч энэ мөнгөө төлөх үе байж.
Д.Лхамсүрэн багш нөхрийгөө бурхан болсноос хойш сар бүр банк болон банк бусаас авсан зээлүүдээ төлсөөр одоо 40 гаруй саяын зээлтэй үлджээ. Гэсэн ч багшийн цалингаар энэ амьдралыг болгох, өр зээлээ төлөхөд бэрх байгаа тул монголын ард түмнээсээ, мэргэжил нэгт багш нараасаа сэтгэлийн дэм хүслээ.
Тэрбээр “Би 10 жил, хань минь 13 дахь жилээ багш нарын баяраа тэмдэглээд зогсож байх байлаа. Одоо багш нарын баярын өдрийг баяр гэж хэзээ ч хэлж, бодож чадахгүй байх.
Хоног өдрүүд үнэхээр хэцүү. Хүүхдүүд маань аавыгаа нэхэж байна. Уйлж байна. Шөнө зүүдэлж байна. Зарим нь ор дэрэндээ шээж байна. “Аав хаачсан юм. Хэзээ ирэх юм” гэсэн асуултад нь юу гэхээ мэдэхгүй. Үнэхээр хэцүү юм. Цаашид яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Энэ хорвоод амьдармааргүй ч юм шиг. Ханийн нөмөр түшиггүйгээр хоног хорвоог өнгөрүүлэхэд үнэхээр хэцүү байна. Цалингийн зээл, банк бусын зээлээ багшийнхаа цалингаар үнэхээр дарж хүчрэхгүй байна. Миний хувьд гар дээрээ 1.9 саяын цалин авдаг. Үүнээсээ 918 мянгыг цалингийн зээлд, 700 мянгыг банк бусад төлдөг. Цаана нь үлддэг 300 мянган төгрөгөөр тэр сараа болгодог. Сарынхаа хүнсийг ч авч хүчрэхгүй байх үе бий, бий. Одоо хүйт орж байна. Хүүхдийн хувцас хунар, түлш гээд амьдралын бүхий л юмс миний тархин дээр.
Монголын ард түмэн, мэргэжил нэгт багш нар маань бид тавд сэтгэлийн дэм хайрлаад, энэ зээлүүдээс салгаж өгч туслаач ээ гэж хүсэх байна. Энэ зээлүүдээ төлчих юм бол би арай сэтгэл тэнүүн алхах юм болов уу, амьдралыг арай өөрөөр харах юм болов уу, арай сэтгэл амар амьдрах юм болов уу гээд арга буюу тусламж хүсэж байна” хэмээв.
- Та тэдэнд сэтгэлийн дэм өгөхийг хүсвэл: Д.Лхамсүрэн 5892154968 /Хаан банк/






