
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сүүлийн үед үүсэж буй асуудлуудтай холбоотойгоор дараах мэдэгдлийг хийлээ.
Сүүлийн өдрүүдэд МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор улс төрийн үйл явдал эрчимтэй өрнөж байна. Би МАН-ын даргад нэр дэвшихдээ хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төрийг бий болгохын төлөө, МАН маань хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, Азийн цээжинд орших ардчилсан Монгол Улс парламентынхаа засаглал парламентынхаа дархлааг улам бүүр бэхжүүлэхийн төлөө МАН-ын даргад нэр дэвшсэн.
МАН-ын Бага хурлын 8 дугаар хуралдаан хуралдаж МАН-ын Бага хурлын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар би МАН-ын даргаар сонгогдсон. Энэ ташрамд МАН-ын нийт гишүүд дэмжигчдэдээ та бүхний төлөөлөл болсон Бага хурлын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж намын даргаар сонгосонд чин сэтгэлийн талархлыг илэрхийлж байна.
Өнөөдөр өрнөж байгаа үйл явдалтай холбоотой тодорхой тайлбаруудыг хийе. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс увайгүйгээр, үндэслэлгүй баримтгүй зүйлүүдээр гүтгэж олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйл явдал болж байна. Парламент Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байдаг. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ажил зохион байгуулалттайгаар хийгдэж байна.
Хамгийн тод жишээ нь:
Дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хаалаа. Өнөөдөр 15:00 цагаас Хууль зүйн байнгын хороо хурлаа эхлүүлсэн. Засгийн газарт болон бусад УИХ-ын гишүүдээс, магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс авч байгаа дарамтаас хамааралтайгаар Хууль зүйн байнгын хорооны хурлыг хуралдуулахгүйгээр бойкот хийлээ.
10 гишүүн ирцэд бүртгэгдээд, 2 цаг хүлээгээд хурал болсонгүй. Миний хувьд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг үндэслэн ХЗБХ-ны даргатай зөвшилцөн өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодитой мэдээллийг авах асуудлыг УИХ, өөрийнхөө эрх үүргийн хүрээнд хийх ёстой гэж шийдвэрлэсэн.
“Монголын ард түмэн хэвлэлээр ээлж дараалан хийж байгаа мэдэгдлээс мэдээлэл авахаасаа илүүтэйгээр мэргэжлийн байнгын хороон дээр хууль хяналтын байгууллагын удирдлагууд ирж болж байгаа нөхцөл үйл явдал дээр бодитой хариулт өгөх нь нэн чухал юм” гэж үзсэнтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдсан.
Харамсалтай нь бойкотлогдсон дээрээс нь намайг гүтгэсэн этгээдүүд энэ байнгын хорооны хуралд ирэхгүйн улмаас байнгын хорооны хурал өнөөдөр хуралдаж чадсангүй. Энэ хурал ойрын үед хуралдаж энэ төрийн үйл хэргийг тасалдахгүй, доголдохгүй явах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт миний хувьд итгэлтэй байна.
Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд миний биеийг нүүрсний хулгайч мэтээр зарлаж, ямарваа нэгэн байдлаар баримт сэлтгүйгээр холбогдуулан гүтгэж ирсэн үйл явдалтай холбоотой ор үндэсгүй гүтгэлийн талаар би ярихыг хүсэж байна.
Эдгээр үйл явдал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь битгий хэл намайг дуудаж мэдээлэл авах нь битгий хэл нотлогдох нөхцөлгүйгээр явж байсан гэдгийг би өмнө нь сонсож байсан.
Харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвших нөхцөл бүрдсэн. Нэр дэвшигчээр зарласан тэр цаг үеэс эхлэн энэ үйл ажиллагаа илтэд идэвхжлээ. Улс төрийн дарамт улс төрийн дарангуйлал гэдэг зүйл Монгол Улсад бүрэн тогтсон байгаагийн тод жишээг би өнөөдөр өөрийн биеэр харж байна. Хууль хяналтын байгууллага асар их дарамт дунд үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа гэдгийг би сүүлийн өдрүүдэд улам бүр мэдэрч авлаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг хоёр өдрийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүйн сайдаар томилж байгаагаа УИХ-д танилцуулахгүйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулахгүйгээр Үндсэн хууль зөрчиж зарласан үйл явдал болсныг та бүхэн харж байна.
Миний хувьд нэг зүйл тодорхой болсон.
Намайг өнгөрсөн хоёр жилийн туршид ямар зорилгоор нүүрсчин болгох ажил хийгдсэн юм бэ гэдгийн учир нь тайлагдсан. Нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаалаар шагнуулж байгааг Монголын ард түмэн тэр аяараа харж авсан гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Д.Амарбаясгалан миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар аливаа хуулийн байгууллагад дуудагдаж шалгагдсан тохиолдол нэг ч байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдол нэг ч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гэм буруутай гэдэг нь тогтоогдож шийтгэгдсэн зүйл огтоос байхгүй.
Монгол Улс бол ардчилсан Үндсэн хуультай улс. Иргэн хүний нэр төр, албан тушаалтай этгээдийн ажил албаны нэр хүнд гэдэг зүйл Үндсэн хууль, холбогдох хуулиудаар хамгаалагдаж байдаг зүйл. Яг энэ үг, үйлдлийг сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай хариуцлагатай этгээдүүд удаа дараа гүжир гүтгэлгийн шинжтэйгээр олон нийтэд мэдээлэл хийж төөрөгдүүлж байна гэдэг бол ардчилсан Монгол Улсын парламентын засаглалд аюул ирсний том дохио юм.
Энэ асуудал өнөөдөр Д.Амарбаясгалангийн асуудал байж болно. Гэхдээ энэ асуудал маргааш бусдын асуудал болно. Энэ асуудал нөгөөдөр та бидний бүгдийн асуудал болно. Монгол Улс эрх чөлөөт ардчилсан нийгмээ алдах аюул эрсдэлд орж байна гэдгийг би энүүгээр дүгнэж хэлж байна.
Парламентад суудалтай улс төрийн намуудад ч би хандаж хэлэхийг хүсэж байна аа. Та бүхэн маань аливаа асуудалд ул суурьтай баримт материалтайгаар хандах нь зүйтэй. Бидний санаачилгаар 126 гишүүнтэй парламент маань бүрдээд жил хагасын хугацааг үзэж байна. Мэдээж улс төрийн нам хооронд улс төрийн өрсөлдөөн тэмцэл цэвэр явагдаж байх учиртай. Харамсалтай нь баталгаатай, нотолгоотой, баримтгүйгээр улс төрийн намын үйл ажиллагаа шийдвэр гарч улс төрийн албан тушаалтны нэр төрд халдаж УИХ бусад төрийн байгууллагын үйл ажиллагааг явуулахад доголдол үүсэх нөхцөл үүсэж байгаад харамсалтай байна.
Би АН-ын Улс төрийн зөвлөл болон АН-ын бүлгээс гаргасан шаардлагыг би хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. Гэхдээ өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн АН-ын бүлэг бүлгээ хуралдуулж, Д.Амарбаясгалан намайг оруулж, албан ёсны тайлбар хийх боломжоор хангана гэдэгт би бүрнээ итгэлтэй байгаа гэдгийгээ та бүхэндээ хэлье.
Энэ хүрээнд би есдүгээр сарын 29-ний өдөр ЦЕГ-т гомдол гаргасан. ЦЕГ-т гомдол гаргасан. Д.Амарбаясгалан намайг онц ноцтой хүнд хүн амины гэмт хэрэгт гүтгэсэн. Энэ асуудлаар би холбогдуулан шалгагдсан эсэх талаар тайлбар мэдээллийг гаргаж өгөөч ээ гэж хандсан байгаа. Үүнтэй холбогдуулан би ХЗДХ-ийн сайд Лхагвын Мөнхбаатарт хандан хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа иргэдийн хүсэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангах хүсэлтийн хариу өгөх асуудал дээр яаравчлан шуурхай ажиллуулж өгөөч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Магадгүй энэ хандсан үйл явдлаас болоод Лхагвын Мөнхбаатар сайдыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлөх, магадгүй Д.Амарбаясгаланд цагдаагийн байгууллагаас өгөх энэ хариултыг өгүүлэхгүйн тулд хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд улс төрийн дарамт үзүүлж байгаа нөхцөл байдал үүсэж болзошгүй байна гэдгийг би ойлгож авсан.
Өнөөдөр надад Хууль зүйн байнгын хорооны мэдээлэл сонсох хурал зарлагдсаны хүчинд цагдаагийн байгууллагын хариу ирлээ. Уг хариугаар энэ оны гураюдугаар сарын 2-ны өдөр талийгаач болсон этгээдтэй холбоотой хэргийг хэрэг үүсэхээс татгалзсан бичгийг цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлснээ илэрхийлж байна. Үндсэндээ энэ баримт дээр нэгдүгээрт гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын байгууллагад хүргэснээ мэдэгдсэн. Нөгөөтээгүүр Д.Амарбаясгалан намайг ямар нэгэн байдлаар энэ хэрэгтэй холбогдуулан мэдээлэл аваагүй. Гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй болно гэдгийг би хариуцлагатайгаар хэлье.
Намайг гүтгэгч этгээд 30 сая долларыг ковидын цаг үе дээр Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн ахиад тэр баримтыг нь мэдэж байсан этгээдийг нухчихсан гэдэг үгийг Лхагвын тойм нэвтрүүлгээр орохдоо илэрхийлснийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ болбол хүний ёсонд баймгүй зүйл. Улс төр, эрх мэдэл албан тушаалд дуртай байж болно. Тэгэхдээ эцэг хүний хувьд хийж байгаа асар том гүтгэлэг юм.
Өнөөдөр би улс төрчдийн шуналаас болж эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж би гүтгэгдэж доромжлуулж байгаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрөх ёсгүй ээ гэж үзэж байгаа. Энэ утгаараа цагдаагийн байгууллагаас ирсэн бичгийг би хуулийн дагуу судалж үзлээ. энэ дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйл дээр мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурор хянаж 7 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заажээ.
Тэгэхээр үндсэндээ энэ хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан хэрэг гэж дүгнэж болохоор байна. Та бүхэн цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэл авах нь зүйтэй. Өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж уг талийгаач болсон этгээдийн ар гэрийнхэн Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж олон тамга тэмдэгтэй материалыг ирүүлсэн байна. Уг материалдаа миний нөхрийн талаар ямар нэгэн цагдаагийн байгууллага явуулсан үйл ажиллагаанаас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэл тогтоогдоогүй. Бид ном журмынх нь дагуу сүүлийн замд нь үзсэн гэх мэдээллийг хийснийг та бүхэн мэдэж байгаа.
Энэ мэтчилэн Д.Амарбаясгаланг ямар нэгэн аргаар нүүрстэй холбож улс төрийн өш хонзон авах гэсэн оролдлогууд сүүлийн өдрүүдэд явагдаж байгааг үүгээр дамжуулж би таслан зогсоохыг шаардаж байна.
Ер нь УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийнхөө байр суурийг илэрхийлэх эрх чөлөө гэдэг зүйл болбол Монгол Улсын амин чухал зүйл байдгийг ХМХ-ийн хамт олон та бүхэн бүрнээ ойлгох ёстой.
Энэ хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс ардчилал хүний эрхийг хамгаалах байдлаа алдах юм бол бид улсаараа ямар түвшинд очих вэ гэдгийг Монголын ард түмэн бүгдээрээ мэддэг.
Миний хувьд МАН-ын даргад нэр дэвшигчдэдээ ч тэр өнөөдөр ялалт байгуулаад намаа удирдан чиглүүлж ажиллахдаа парламентын засаглалыг тууштай дэмжиж эрх мэдлийн төлөөх шуналыг таслан зогсоож эрх, эрх чөлөөний төлөө тууштай зогсох болно гэдгийг өнөөдөр мэдэгдэж байна.
Өнөөдөр хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг харахад үнэхээр хүндрэлтэй болжээ. Би тэдгээр байгууллагуудыг буруутгахаас илүүтэйгээр тэдгээр байгууллагад очиж байгаа улс төрийн дарамт шахалтаас үнэхээр зэвүүцэн жигшиж байгаагаа энэ ташрамд хэлэхийг хүсэж байна. Яг миний бие хэдийгээр өнөөдөр УИХ-ын дарга ч гэсэн би энэ нөхцөл байдал энэ улс төрийн дарамт дарангуйлал энэ том хүчирхийлэл дунд хүч мөхөстөж байгаагаа зарим талаар хэлэхийг хүсэж байна.
Гэхдээ яг энэ нөхцөлийг дэмжиж байгаа маш олон парламентын гишүүд, энгийн иргэд байгаа. Эдгээр парламентын гишүүд эдгээр иргэдийнхээ хамтаар энэ шударга ёсны төлөө энэ увайгүй гүтгэлэг хийж өрсөлдөгчөө нэр хүндийг нь гутаадаг энэ байдлын эсрэг хатуу тууштай тэмцэнэ гэдгийг би албан ёсоор илэрхийлье.






