
Олон улсад жил бүрийн 10-р сарыг Хөхний хавдрыг таниулах сараар зарласан байдаг ба үүнтэй холбоотойгоор хөхний хавдрын эрт илрүүлэг нь чухал ач холбогдолтой болохыг харуулсан судалгаа The BMJ сэтгүүлийн 9-р сарын дугаарт нийтлэгджээ.
Уг судалгааны үр дүнд хөхний хавдрын эрт илрүүлэгт хамрагдаагүй эмэгтэйчүүд нь эрт илрүүлэгт хамрагдсан эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөхний хорт хавдрын улмаас нас барах эрсдэл нь 40 хувиар өндөр байсныг тогтоожээ.
CNN сувгийн эрүүл мэндийн мэргэжилтэн Лиана Вен хөхний хавдрын талаар мэдээлэл өгснийг уншигчдадаа хүргэж байна.

Лиана Вэн:
Өнгөрсөн 2-р сард нийтлэгдсэн тайланд дэлхий даяар 20 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдраар оношлогдох төлөвтэй байгааг онцолсон байсан. Энэ эрчээрээ үргэлжилбэл 2050 он гэхэд 3.2 сая эмэгтэй хөхний хавдраар өвчилж, жилдээ 1.1 сая эмэгтэй уг өвчний улмаас нас барах юм.
Хөхний хавдрын эрт илрүүлэгт орж, хавдрыг бусад эд эрхтэнд үсэрхийлээгүй буюу эрт шатанд нь оношлож, цаг алдалгүй эмчилгээгээ эхлүүлсэн эмэгтэйчүүдийн амьд үлдэх магадлал 99 гаруй хувьтай байдаг бол хавдар нь үсэрхийлсэн хойно оношлогдсон эмэгтэйчүүдийн амьд үлдэх магадлал 32 хувь болтлоо буурдаг байна.
АНУ-ын хувьд хөхний эрт илрүүлэгт хамрагдах насыг бууруулж, 40 нас болгосон ба 40 наснаас хойш 75 нас хүртлээ эмэгтэйчүүдэд жил бүр маммограм буюу хөхний дүрс оношлогоонд орохыг зөвлөдөг.
Цацраг туяанд өртөж байсан, тодорхой генийн мутаци илэрсэн, ээж эсвэл эгч, эмэгтэй дүү нь хөхний хавдраар өвчилж байсан бол мөн тамхи татах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, таргалалт зэрэг нь хөхний хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлсэд багтдаг.
The BMJ сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнд судлаачид Шведийн 432775 эмэгтэйд 25 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар хөхний эрт илрүүлэгт тэдгээр эмэгтэйчүүдийн 1/3 нь хамрагдаагүй болохыг тогтоосон ба эрт илрүүлэгт хамрагдаагүй эмэгтэйчүүд нь дараа дараагийн үзлэг шинжилгээнд хамрагдахгүй байх хандлага ажиглагджээ. Эрт илрүүлэгт хамрагдаагүй эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт хамрагдсан эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөхний хорт хавдар нь 3-р шатандаа оношлогдох нь 1.5 дахин өндөр, 4-р шатандаа оношлогдох нь 3.6 дахин өндөр байсан байна.
Маммограм нь хөхний хавдрыг илрүүлэх стандарт шинжилгээ бөгөөд хөхний хавдартай болох өндөр эрсдэлтэй хүмүүст удамшлын тест, MRI болон эхо оношлогоог нэмэлтээр хийдэг аж.
Үүнээс гадна хөхний толгойноос шингэн ялгарах, хөх хавдах, өвдөх, өнгө нь өөрчлөгдөх, хөхний толгой дотогш орох, суганд болон эгэмний ясны ойролцоох тунгалагийн булчирхайнууд өвдөх, томрох, хөх улайх, арьс нь хуулрах зэрэг шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид хандах нь зүйтэй бөгөөд эдгээр нь хөхний хавдрын шинж тэмдэг байх нь элбэг аж.
Тамхиа хаяж, архи согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, хэвийн жинтэй байж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, шим тэжээлтэй хүнс хэрэглэх зэрэг нь хөхний хавдраар өвдөх эрсдлийг бууруулахаас гадна эрүүл мэндэд тустай гэдгийг Лиана Вэн эмч онцолжээ.
Эх сурвалж: edition.cnn.com






