
Өрөг.мн сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хад хэмээх газар очиж, тээврийн жолооч нараас бэлтгэсэн сурвалжилгуудаа ээлж дараалан хүргэж буй.
Өмнөх удаад хүргэсэн тээврийн жолооч бүсгүй Г.Отгонжаргалтай танилцаж хилийн зурвас хүртэл хамт явсны дүнд Г.Халзан гэх хүнтэй таарах боломж олдсон юм.

Ерөөс хүнээр дамжуулан очих газар, уулзах цэгээ тодорхой болгож явахгүй бол хаана юу байгаа нь үл мэдэгдэм орчин байв.
Тээврийн жолооч нар холын замд явахдаа машинаараа гэр хийж явдаг гэх яриа байдаг тул Г.Халзан гуай хэрхэн аж төрөн суудгийг харахаар “Hometour” бичлэгээ эхлүүлсэн юм.


Том машин руу гарахаас эхлээд хөл муутай хүн бол чадамгүй, гэтэл энэ хүн цэргийн алба хаагч байсан өдгөө 60 гаран настай ч хөдөлгөөнөөс үл түүртэнэ.
Машин руу нь ороход “Хүүе ээ би гутлаа тайлах уу” гэмээр цэмцийсэн, дулаахан орчин угтаж, мань эр жижигхэн сэнс асаачихсан сэрүүхэн сайхан сууж байсан ч бичлэгт чимээ нь ороод байсан тул түр унтраав.


Түүний орон дээр сууж ярилцсан хэсэг хугацаанд ямар зөөлөн ор вэ гэж их бодогдсон. Ах хүү яг л өөрт тухтай байдлаар бүх зүйлсээ тохижуулж, араасаа жавар үлээлгэхгүйн тулд орны бүтээлэг хүртэл өлгөчихсөн, ер нь л амьдрах аргаа олно гэдэг нь энэ бололтой.






Гал тогооны хэрэгсэл нь жижигхэн хар хайрцагт багтчихсан. Тэнд хоол хийгээд, цай чанаад уувал алзах зүйл алга. Боорцогноос эхлээд борцтой шөл хүртэл байв.
Давхар орны дээд талд нь хувцастай цүнх, эргэн тойрон шүүгээний нүднүүдэд нь ойр зуурын зүйлс. Хаа очиж элдэв зүйлсээ хийчих шүүгээ арвинтай аж.
Ийнхүү бид машин дотор нь байдаг зүйлстэй танилцаж үргэлжлүүлэн ахын сэтгэл дотор юу байгааг сонсов.


Түүний эхнэрийн бие нь муу эмнэлэгт хэвтэж хүүхдүүд нь ээлж дараалан асарч буй. Тэрээр:
Миний хань таван цул, дотоод эрхтнүүд нь муудаад одоо эмнэлэгт байгаа. Би хагалгааных нь төлбөрийг олохоор энд ажлаа хийгээд явж байгаа юм. Удахгүй очно.
Ер нь тээврийн жолоочийн хань гэдэг хүлээцтэй, тэвчээртэй, итгэл дүүрэн байх хэрэгтэй. Түүнээс хол явахад нь хойноос нь чаргууцалдаж, хардаж сэрдэж, сэтгэл санааг нь үймүүлдэг байж болохгүй.
Одоогийн залуучууд хэний, юуны төлөө ийм газар ирээд ажил хийж байгаагаа ухамсарладаг амьдралын зорилготой, ажилдаа тууштай болсон.
Түүний нэгэн адилаар би залуучуудтайгаа мөр зэрэгцэн ажиллах сайхан байдаг. Энд амьдрахад таатай орчин биш ч с гэсэн хотын түгжрэл, настай хүнд олдох ажлын цалин гэх зүйлсийг тооцож үзвэл амьдралд хүрэлцэхүйц цалин аваад явдаг нь таалагддаг.


Тэрээр олон жил тээвэрт явж байгаа тул тээвэрчдийн талаарх ам дамжсан яриа болох биеэ үнэлэгчид их цуглардаг, бэлгийн замын халдварт өвчин ихтэй гэх үг үнэний ортой эсэх одоо нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахад:
Олны дунд тиймэрхүү хүмүүс байх л байх. Гэхдээ миний мэдэхээр энд одооо бол тийм зүйл байхгүй. Бүгд л амьдралын төлөө, ар гэрээ авч явах гээд л өдөр шөнөгүй зүтгэж байгаа. Тийм цуу яриа тараалаа гэхэд бусад хүмүүс нь яриад өнгөрч болох ч ард нь үлдсэн гэр бүлийнхэнд нь хүндээр тусна. Ганц, хоёр удаа бол хань минь гэх сэтгэлээр итгэж болох ч цаашдаа бие биедээ үл итгэх асуудлууд гарч ирэх боломжтой. Тиймээс бусдын амьдралд хошуу дүрж элдэв янзаар цуу яриа тараахаа болих хэрэгтэй.
Түүний машинаар зочилсон тэмдэглэл энэ хүрээд дуусав. Энэ ярилцлагын төгсгөлд Г.Халзан Монголынхоо бүх тээвэрчид болон тэдгээрийн ар гэрийнхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг дамжуулан хүргэе.
“Санасан зорьсон хэрэг бүртээ аяны жолоо дээшээ байг” хэмээн дуулах тээврийн жолоочийн алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.






