
Лувсанвандан арт галерейд уран бүтээлч, зангилаа бичиг судлаач Содномдаржаатай ярилцлаа
-Таны уран бүтээл дундаас хамгийн анхаарал татсан нь зангилаа бичгээр бичсэн бүтээлүүд байлаа. Энэ бичиг үсгийн талаар та дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

Зангилаа бичгээр: “Тэнгэр заяат монгол хүн”
–Зангилаа бичиг нь эртний монголчуудын хэрэглэж байсан бичгийн нэг хэлбэр. Гол онцлог нь зангидаж бичдэгт оршино. Энэ бичгийг хоёр үндсэн төрлөөр ангилж болно. Нэг нь бэлгэдлийн буюу том утгыг зангиддаг хэлбэр, нөгөө нь үсэг үсгээр нь зангиддаг бичгийн систем. Жишээлбэл, миний бүтээл дээр дээд талд “Түмт” зангилаа, доод талд “Этүгэн эх” гэсэн зангилаа байна. Энэ нь “түмээрээ эвлэлдсэн Этүгэн эхийн эв нэгдэл” гэсэн утгыг илэрхийлдэг.
-Уран бүтээлийг гараараа барьж үзэхэд сонирхолтой мэдрэмж төрж байсан. Энэ бичиг хараагүй хүнд ч уншигдах боломжтой юм шиг санагдлаа?
–Тийм. Энэ бичгийг зөвхөн харах биш, гараар тэмтэрч унших боломжтой. Тиймээс эрт үед нууц мэдээлэл дамжуулахад ашигладаг байсан баримт бий. Зангидаж бичсэн утсан бичгээ дээлийнхээ дотуур нуугаад дамжуулдаг байсан гэж ярьдаг.
-Үсгүүдийн бүтцийн талаар дэлгэрүүлж өгөөч. Монгол бичигтэй нэн төстэй санагдлаа?
–Үсэг бүр өөрийн гэсэн зангилааны хэлбэртэй. Жишээлбэл:
- Шүд үсгүүд: тусгай нэг төрлийн зангилаа
- Гэдэс үсгүүд: бөөрөнхий зангилаа
- Шилбэ үсгүүд: дотроо зэрэгцэн зангилагддаг


Гарчиг: Цогт хунтайжийн хадны бичээс
Давхар зангилаа бол “Д”, хоёр талдаа зангилаа хийвэл “Б”, “В”, доод талд тулгавал “Ө”, “Ү”, нэг тал руу харвал “И”, хоёр тийш харвал “З”, “Ж” гэх мэт дүрэмтэй.
-Энэ бичгийг одоо хэрэглэж байгаа хүн хэр олон байдаг вэ?
–Нийтээрээ хэрэглэж байгаа гэж хэлэхэд эрт байна. Гэхдээ бид сургалт, үзэсгэлэн зэргээр дамжуулан олон нийтэд түгээж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их сургуулийн оюутнууд, багш нар, уран бүтээлчид гээд олон хүмүүст хүрч эхэлсэн.
-Та уран бүтээлч Аким гуайтай хамт үзэсгэлэн гаргасан байх аа. Тэр төслийн тухай яривал. Агула нэртэй үзэсгэлэн байсан санагдаж байна?
–“Агула” нэртэй төсөл маань 2016 оноос эхэлсэн. Нутаг усны минь уул усыг нинжа нар ухаж, сүйтгэж эхэлснээр би энэ сэдвийг барьж авсан. Зүгээр нэг байгаль зурна гэхээсээ илүү, уул усны мөн чанар, түүх, сүнслэг үнэ цэнийг харуулахыг зорьсон. 2022 оны 11 сард бид төрийн тахилгатай 11 уулын тухай үзэсгэлэн гаргасан. Миний хувьд тэдгээр уулсаар өөрийн биеэр аялж, мэдэрч, судалгаа хийж, түүнийгээ уран зураг болон ном болгон буулгасан.


–Маш их эмзэглэдэг. Нэг талаас эдийн засгаа тэлэх шаардлага бий. Нөгөө талаас соёл, байгалиа хамгаалах нь чухал. Манай улс уул уурхайгаа зогсоогоод шууд соёлоороо амьдарна гэхэд хэцүү. Гэхдээ соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийд түгээж чадвал бид эдийн засгийн өөр гарцтай болж чадна. Зангилаа бичиг гэхэд л гадаадын жуулчдад маш их сонирхол татаж байна. Ийм байдлаар бид хөрсөн доорх баялгаа бус, оюуны хөрөнгөө ашиглах гарц руу чиглэх хэрэгтэй.
-Та Өвөр Монголын соёлын тухайд санаа зовниж байна гэж хэлсэн. Ямар шалтгаантай вэ?
–Өвөр Монголчууд соёлоо маш сайн түгээж, хадгалж байгаа. Гэвч Хятадын төрийн бодлогоор тэр бүхнийг өөрсдийн соёл болгон шингээж байна. Жишээ нь, “Мулан” бол түүхэндээ монгол нүүдэлчдийн дүр байж болох ч, өнөөдөр Хятадын кино болсон. Морин хуур, монгол бичиг гээд бидний өв соёлыг өөрийн болгох үзэгдэл өргөн хүрээнд явагдаж байна. Бид ийм үнэ цэнтэй соёлоо өөрсдөө түгээж, хадгалахгүй бол хожим харамсахаас өөр сонголт үлдэхгүй. Одоо энэ зангилаан бичгээ л алдчихгүй юм сан гэж бодох юм.
-Ярилцсанд баярлалаа.






