
“ШШГБ-аас шүгэл үлээж байна” хэмээн гарчигласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгэн ажилтан эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс хорих ангиудад хэрхэн дураараа авирлаж, эргээд хорих ангийн ажилтнууд албанаасаа, хоолноосоо салдаг тухай захидал илгээжээ.
Уг алба хаагчийн захидалд,
“Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт амьдралынхаа 25 жилийг зориулж, цэл залуу насаа энэ байгууллагад өнгөрүүлжээ. Энэ олон жилийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын олон хууль бус үйл ажиллагаа, удирдлагуудын хэт нэг талыг барьсан, мөнгөтэй хүний халаасанд яаж ордог, улс төрийн нөлөөлөл ямар хүчтэй гэдгийг харсаар ирсэн.
Би одоо тэтгэврээ хүлээж байгаа хүн бөгөөд нэгэн хорих ангид хошууч цолтой ажиллаж байна. Хорих анги нээлттэй байна уу, хаалттай байна уу гэдэг нь энд ямар ч ялгаа байхгүй. Учир нь энд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн л бүхнийг хийж болдог.
Бусдыг захиалгатай дарамтална, банди болгоно, Төрийн томчууд ирээд ямар ч зөвшөөрөл авахгүй, “Даргад чинь хэлсэн” гэдэг шалтгаанаар хүссэн хүнээ шоронгоос гаргаж ирээд дуудаж уулзана. Санаагаар болдог бол зарим нь бараг авч явах гэж оролдоно. Энэ бүх хууль бус үйл ажиллагаа үеийн үед байсаар ирсэн.
Сүхбаатар аймагт байрлах “Андын илч” компанийн уурхай руу зэвсэглэн дайрсан хэрэгт 16 жилийн хорих ял авсан Ука хочит Лхагвын Алтанхуягийн хэрэг хам С.Эрдэнийн бие хамгаалагчаар олон жил ажилласан Наранболдын Батдуулга нь Орхон аймаг дахь Хорих 437 дугаар ангид заалны цэвэрлэгч заалттай ял эдэлж байхдаа саяхан хэд хоногийн өмнө улаан хоолойн хавдар гэсэн оноштойгоор Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн.
Түүнийг эмчлүүлэх хугацаанд Ардчилан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн ерөнхий захирал С.Батсуурь нар ирж биечлэн уулзсан. Ингэж уулзахдаа мөн л тогтсон уламжлалын дагуу зөвшөөрөл авалгүй, дарга цэрэг нарт чинь ярьж хэлсэн гэх шалтгаанаар хууль бус уулзалт хийсэн.
Гэтэл дарга нар нь өөрсдөө үүрэг өгч уулзуулчихаад дараа нь доод албан тушаалтнуудаа зөвшөөрөлгүй уулзуулсан гээд ажлаас нь халж өөрсдөө уснаас хуурай гарч үлдлээ.
Улс төрчдийн болон мөнгөтэй баян хүмүүсийн тансаглал шорон дотор хүртэл хэрэгжиж байгаа нь ямар их харамсалтай вэ. Мөрөөрөө ажлаа хийж байсан алба хаагчид хохирч, мөнгөтэй, задарсан нөхөд нь ямар ч гэмгүй явах нь шударга ёс мөн үү.
Хэвлэл мэдээллийн шударга сэтгүүлч та бүхнийг шоронд болдог энэ мэт хууль бус үйл ажиллагааг сурвалжилж, үнэн зөвийг ил болгоосой гэж хүсэж байна” гэжээ.
Дээрх захидалтай холбоотойгоор ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалангаас тодрууллаа.
– Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь гэх иргэнийг холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүй уулзуулсан байсан. Тус асуудлын дагуу албаны шалгалт явуулж, буруутай алба хаагч нарт хариуцлага тооцсон.
“ШШГБ-аас шүгэл үлээж байна” гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн. Тухайн асуудалд танай байгууллагын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
– Дээрх хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцогдсон нэр бүхий алба хаагчид зориудаар алба хаагч гэх иргэнээр байгууллагын эсрэг бодит бус мэдээлэл түгээж болзошгүй байгаад нь харамсаж байна.






