
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Газын зурвас дахь ХАМАС-Израилын дайныг дуусгах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Цагаан ордон Ерөнхийлөгч Д.Трампын 20 заалтаас бүрдэж буй төлөвлөгөөг албан ёсоор нийтэлсэн байна.
Уг төлөвлөгөөнд:
- Газын зурваст түр удирдлагыг байгуулах ба тус удирдлагын үйл ажиллагааг Ерөнхийлөгч Д.Трамп тэргүүтэй олон улсын удирдагчид хянах тухай
- Газын зурваст үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор Газын зурваст олон улсын зэвсэгт хүчнийхнийг байршуулах
- Газын зурвасын иргэдийг албадан нүүлгэхгүй байх
- ХАМАС бүлэглэлийг Газын зурвасын удирдлагаас татан буулгаж, цаашид тус бүлэглэл Газын зурвасын удирдлагад ямар ч байдлаар оролцохгүй байх
- Зэвсгээ хаясан ХАМАС бүлэглэлийн гишүүдэд өршөөл үзүүлэх
- ХАМАС Израил хоёр албан ёсоор зөвшилцөлд хүрсэн тохиолдолд ХАМАС бүлэглэл 72 цагийн дотор барьцаанд байгаа бүх иргэдийг суллаж, хариуд нь Тель Авив бүх насаар хорих ял эдэлж буй 250 палестинчуудыг, 2023 оны 10-р сарын 7-ноос хойш Газын зурвасаас баривчилсан 1700 иргэдийн хамт суллана гэх мэт нөхцөлүүдийг тусгажээ.
Ерөнхийлөгч Д.Трампын төлөвлөгөөнд Газын зурвасыг Израилд нэгтгэх, Газын зурвас Израилын хяналтад байх тухай ямар ч зүйл заалт байхгүй байгаагаас гадна Израил Газын зурвасаас цэргүүдээ шат дараалалтайгаар гаргана гэдгийг заажээ.
Цагаан ордонд хийсэн уулзалтынхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлаар Ерөнхийлөгч Д.Трамп, Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд түүний төлөвлөгөөг дэмжсэнд талархаж буйгаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд Б.Нетаньяху Д.Трампын төлөвлөгөө нь Израилын зэвсэгт хүчний зорилтуудад нийцэж байгаа тул Америкийн төрийн тэргүүний төлөвлөгөөг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр, “ХАМАС таны төлөвлөгөөг эсэргүүцэж эсвэл дэмжсэн мэт дүр эсгэх юм бол Израил эхэлсэн ажлаа дуусгах л болно. Амар хялбар аргаар уу, хүнд хэцүү аргаар уу, хамаагүй” хэмээн мэдэгдсэн ба энэ тал дээр Ерөнхийлөгч Д.Трамп Израилыг бүрэн дэмжинэ гэдгээ онцолжээ.
Катар болон Египетийн төлөөлөгчид ХАМАС бүлэглэлд Ерөнхийлөгч Д.Трампын төлөвлөгөөг албан ёсоор дамжуулж өгчээ.
2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израилын нутаг дэвсгэрт халдан, 1200 хүний аминд хүрч, 251 хүнийг барьцаалсан юм. Үүний хариуд Израил Газын зурвас руу довтолж, түүнээс хойш Израилын цэргийн ажиллагааны үр дүнд Газын зурваст багадаа 65 549 хүн амь үрэгдэж, хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа билээ.






