
Оскарын шагналт жүжигчин Николь Кидман, дуучин Кит Урбан нар салж байгаа талаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
TMZ.com сайтад бичсэнээр Н.Кидман, К.Урбан нар өнгөрсөн зунаас тусдаа амьдарч эхэлсэн ба К.Урбан Нэшвилл дэх гэрээсээ нүүж, шинээр худалдан авсан байрандаа тусдаа амьдрах болжээ.
TMZ.com болон People сэтгүүлд бичсэнээр Н.Кидман салалтыг эсэргүүцэж, гэр бүлээ хадгалж үлдэхийг хүссэн аж.
Австрали улсаас карьераа эхлүүлж байсан 58 настай Н.Кидман, 57 настай К.Урбан нар Австралиас гадна АНУ-ын иргэншилтэй бөгөөд 2005 оны 1-р сард Холливүүдэд Австрали улсыг сурталчлах арга хэмжээн дээр анх танилцаж, 2006 оны 6-р сард Сиднейд хуримаа хийж байсан аж.
Н.Кидман, К.Урбан нар 14 настай Фэйт Маргарет, 17 настай Сандей Рөүз хэмээх 2 охинтой бөгөөд Н.Кидманы хувьд экс нөхөр, жүжигчин Том Крузтай өмнө нь 2 хүүхэд үрчилж авч байсан юм.
Н.Кидманы хувьд энэ сарын эхээр “Practical Magic” уран сайхны киноны хоёр дахь ангийн зураг авалтад оролцож дууссан бол К.Урбан 5-р сараас хойш аялан тоглолтоо хийж байгаа аж.
Эх сурвалж: reuters.com






