
Монголын волейболын холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ.
Энэ удаагийн лигт эрэгтэй, эмэгтэй тус бүр найм, нийт 16 баг өрсөлдөхөөр мэдүүлэг өгч, албан ёсоор батламжаа гардан авчээ. Волейболын лигийн энэ улирлын тоглолтын 80 хувь нь “Аса арена”-д болохоороо онцлогтой бөгөөд энэхүү спортыг шимтэн үздэг үзэгчдэдээ ойртож байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Монголын волейболын холбооноос дээд лигээс гадна “Хөгжлийн лиг”-ийг анх удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр шинээр үүсгэн байгуулж байгаа мэргэжлийн клубууд дээд лигт тоглохын тулд хоорондоо өрсөлдөж, чансаагаа тогтоож эрхээ авах юм.
2025-2026 оны улиралд эрэгтэйчүүдийн ангилалд “Алтайн барс”, “Минтонетт Говь”, “Энержи”, “Натур Бакс”, “Мегастар”, “Төв Миг”, “Эс Жи Хокс”, “Дархан Могулс” баг өрсөлдөхөд бэлэн болжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Хөвсгөл Эрчим”, “Ховд Ижил Алтай”, “Уурхайчин”, “Хилчин”, “Хашхан Өвөрхангай”, “Хобби Эйс”, “Дархан Могулс”, “Минтонетт Говь” баг оролцоно.








