
“2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027–2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг УИХ-ын хэмжээнд хийгдэж байна.
Цаг хугацааны хувьд УИХ дээр нийт 5 шатны хэлэлцүүлэг хийж, 11 сарын 15-ны дотор ирэх оны төсвөө баталсан байх хуультай.
Харин энэ намрын улс төр, төсөв дагасан цалин, тэтгэвэртэй холбоотой жагсаал, 12 сарын 31-ний өдөр гэсэн цаг хугацааны хайчинд шахагдсан Оюу толгой, Онтэ гоулдын асуудлууд төрийн ордныхоныг тун чиг завгүй болгллп байна. Энэ салхинд төсвийн хэлэлцүүлэг дарагдах шахаж байгаа учраас 2026 оны улсын төсвийн онцлох тоонуудыг дахин сануулья.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээг бууруулж байгаа нь бодлогын зөв сонголт
2018 онд төсвийн нийт зарлага ДНБ-ий 29 хувьтай тэнцэж байсан бол 2024 онд 38.3 хувь болж даруй 9.3 нэгжээр өссөн. Энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн хөгжлийг хязгаарлах нөлөөтэйгөөс гадна цаашид төсвийн орлогоороо зарлагыг санхүүжүүлэх боломжгүй болох талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхааруулcaap ирсэн. Засгийн газраас өргөн барьсан төсөлд үүнийг дунд хугацаанд 28.6 хувь болгож Ковид-19 цар тахлын өмнөх түвшинд хүргэхээр төлөвлөсөн нь ЗӨВ СОНГОЛТ.
Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах бодлогын чиглэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшинд хараахан хүрэхгүй байна
Эдийн засаг дахь төрийн оролцооны оновчтой түвшин, хэлбэрийг тооцох нь идэвхтэй судалгааны сэдэв бөгөөд энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжиx төсвийн зарлагын хэмжээг тооцон гаргах боломжтой юм. Бид тус аргачлалаар Монгол Улс болон ДНБ-ий хэмжээ, бүтцээрээ түүнтэй ижил төстэй 26 орны 2000-2023 оны өгөгдөл дээр эконометрик шинжилгээ хийж үзэхэд “төсвийн зарлага ДНБ-ий 27% байх нь өсөлтөд хамгийн их эерэг нөлөөтэй” гэсэн үр дүнд хүрэв. Өргөн мэдүүлсэн төсөлд төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь ирэх гурван жилд буурсаар 2028 онд 28.6% болохоор тусгасан нь дээрх критик утгаас өндөр байна.
Мөчлөг сөрсөн бодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй
Эдийн засаг хүндэрсэн үед зарлагыг нэмэгдүүлж, өсөлттэй үед хуримтлал үүсгэх зарчмыг тууштай мөрдөхгүй бол төсвийн алдагдал урт хугацаанд давтагдах эрсдэлтэйг анхааруулсан.
Хос алдагдлын эрсдэл
2026 онд төсвийн болон төлбөрийн тэнцэл аль аль нь алдагдалтай гарах төлөвтэй байгаа нь валютын нөөц, макро эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
Төсвийн хүрээний мэдэгдлийн агуулга, хуулийн хэрэгжилт сайжирч байгаа ч төсвийн бодлогын үр нөлөөний асуудлыг анхаарах шаардлагатай
Сүүлийн 2 жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.3-т “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараах агуулгатай” байна гэсэн заалт 12.3.4 болон 12.3.10 заалтуудын хувьд хэрэгжилт сайжирч байгаа боловч дараах эдийн засгийн нөлөөлөл, тооцооллын аргачлал, өрийн шинжилгээ зэрэг анхаарах асуудлууд байсаар байгаа.






