
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдад нүүрс, жонш, төмөрийг яагаад энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх нөхцөлтэй Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай, Ашигт малтмалын тухай зэрэг хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргасан талаар асуулга тавиад байна.
Экспортолж буй нүүрсний 25 хувийг биржээр арилжаалаад, бусад 75 хувийг биржээс гадуур зарж болох бөгөөд харин АМНАТ-ыг биржийн үнээр тооцож авна гэж заажээ. Гэтэл бирж болон Ганц модны үнийн зөрүү $30-40 байгаа юм!Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар улсын төсөвт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан тогтоол гаргаж, Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдэгдэж, Засгийн газрыг Цэцэд өгөхөө зарлалаа.
Нүүрс, жонш, төмөр дээр тооцдог АМНАТ-ыг өөр аргаар тооцож, компаниудад давуу байдал олгож байна!
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, төмөр, хайлуур жоншинд ногдуулж буй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахтай холбоотой асуудлаар доор дурдсан асуулгыг хүргүүлэв.
Тухайлбал, Уул уурхайгаас хамааралттай эдийн засагтай орны хувьд хариуцлагатай, ил тод уул уурхайн салбарыг үргэлж дэмждэг. Уул уурхайн салбарт төрийн оролцоог багасгах, хувь эзэмших асуудлыг зохистойгоор хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Харин Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу татвараа бид авах ёстой. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.6 дахь хэсэгт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.” гэж заасан заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг батлан мөрдүүлж байна.
Энэхүү журамд Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 55 дугаар тогтоолоор “Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.” гэсэн 3.11 дэх заалт, “Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.” гэсэн 3.12 дахь заалтыг тус тус нэмсэн байна.
Дээрх журамд оруулсан нэмэлт нь нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхдөө тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэгийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулагдсан үнэлгээгээр тооцохоор заасан байна.
Энэ нь уул уурхайн биржийн тухай хуулийн 10.1, 10.2 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах үүднээс уул уурхайн биржээр нүүрс, хайлуур жонш, төмрийг заавал арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүнд хамруулсан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолтой зөрчилдөхийн зэрэгцээ “нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхдөө тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэгийг биржээр зарж болно” гэдэг биржээс ухарч буй алхам бөгөөд аж ахуйн нэгж нь хоёр гэрээтэй болж далд эдийн засгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Уул уурхайн биржийн тухай хуулийн 10.2 дахь хэсэгт зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор баталсан бүтээгдэхүүн болох нүүрс, төмөр, хайлуур жоншийг заавал уул уурхайн биржээр арилжаалах бол бусад этгээд бүтээгдэхүүний 25 хувийг уул уурхайн биржээр зарсан тохиолдолд уул уурхайн биржээр зараагүй бусад бүтээгдэхүүнийг биржээр зарсанд тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх нь тодорхой этгээдэд давуу тал үүсгэх, шударга бус өрсөлдөөнийг бий болгохоор байна.
2025 онд коксжих нүүрсний ханш нь 5 дугаар сард БНХАУ-ын Ганцмод боомт дээр дунджаар 109.5$/тн байсан бол Монголын хөрөнгийн бирж дээр 90.36$/тн, Ганцмод боомт дээр 6 дугаар сард 100.2$/тн байсан бол Монголын хөрөнгийн бирж дээр 78$/тн, Ганцмод боомт дээр 7 дугаар сард 116.7$/тн байсан бол Монголын хөрөнгийн бирж дээр 80.6$/тн, Ганцмод боомт дээр 8 дугаар сард 135.1$/тн байсан бол Монголын хөрөнгийн бирж дээр 90.36$/тн байсан байх бөгөөд Монголын хөрөнгийн бирж дээрх үнэ, БНХАУ-ын Ганцмод боомт дээрх нүүрсний үнэ, ханшийн зөрүү өндөр байгааг харж болохоор байна.
Уул уурхайн биржийн арилжааны үнэ нь олон улсын зах зээлийн үнэлгээнээс доогуур байгаа нь дээрх статистик мэдээллээс харагдаж байна. Гэтэл биржээр зараагүй буюу тухайн сарын 75 хувийн борлуулалтыг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэхгүйгээр бага үнэ, үнэлгээгээр тооцуулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь “хууль дээдлэх” зарчим байх, Зургадугаар зүйлийн 2-т “… газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.” гэж, мөн хэсгийн “түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэж заасантай дээрх Засгийн газрын тогтоолоор оруулсан нэмэлт нь зөрчилдсөн байж болзошгүй байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 4.1-д зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасныг зөрчиж аргачлалыг өөрчлөх замаар татварын хөнгөлт эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-т “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах;” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг хуульчилсантай, мөн хуулийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; ” борлуулалтын үнэлгээг тогтоох дэс дараалал, зарчимтай зөрчилдсөн зохицуулалтыг дээрх Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолооор баталсан байна.
Төсвийн орлогыг голлон бүрдүүлж буй нүүрсний экспорт 2025 оны эхний 6 сард дунджаар 70 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 40 хувиар, нийт экспорт 2025 оны эхний 6 сард 6.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 20 хувь буюу 1.3 тэрбум ам.доллароор буурсан байхад Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх.” төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн 6.2.5-д заасан аливаа шийдвэр гэдэгт Засгийн газрын тогтоол мөн хамаатай болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолыг баталсан байх боловч Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага болох хуулиар олгосон хүрээ хязгаар, эрх хэмжээг хэтрүүлж зохицуулсан, зорилго, зохицуулах харилцааны хүрээнээс хальсан хууль давсан захиргааны хэм хэмжээний акт болсон байна.
Ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалтыг сайжруулах бол Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг боловсруулж, зохих өөрчлөлтийг хийж болно.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалттай зөрчилдсөн байж болзошгүй, Ашигт малтмалын тухай, Татварын ерөнхий хууль, Төсвийн тухай, Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй зохицуулалтыг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлүүлэх байдлаар давуу байдал олгох эрх Засгийн газарт хуулиар олгогдоогүй байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 55 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл, улсын төсөвт үзүүлсэн нөлөөлөл, энэ заалтын хүрээнд төлбөр төлсөн аж ахуйн нэгжийн нэрс, төлбөрийн хэмжээ, цаашид хуульд нийцүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаарх мэдээллийг хуульд заасан хугацааны дотор ирүүлэхийг хүсэв.



Төсвийн орлогыг голлон бүрдүүлж буй нүүрсний экспорт 2025 оны эхний 6 сард дунджаар 70 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 40 хувиар, нийт экспорт 2025 оны эхний 6 сард 6.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 20 хувь буюу 1.3 тэрбум ам.доллароор буурсан байхад Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх.” төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн 6.2.5-д заасан аливаа шийдвэр гэдэгт Засгийн газрын тогтоол мөн хамаатай болно.


