
Монгол Ардын нам өнгөрөгч амралтын өдөр буюу есдүгээр сарын 27-ны бямба гарагийн 11:00 цагаас шөнөжин үргэлжлэн 28-ны ням гарагийн өглөө 09 цаг хүртэл хуралдлаа.
Уг хурлаас тус намын даргыг сонгох нь гол хүлээлт байсан бөгөөд хоёр шатны санал хураалт явуулж, Д.Амарбаясгаланг сонгосон.
Тэгвэл Улс төрийн намын тухай хуулиар дараагийн үйл явц шинээр сонгогдсон намын даргаа Улсын дээд шүүхээр бүртгүүлэх ёстой юм.
Тодруулбал, хуульд заасны дагуу 60 хоногийн дотор намын өмнөх дарга буюу Л.Оюун-Эрдэнэ шинээр сонгогдсон дарга буюу Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлийг хүргүүлнэ. Улмаар дээд шүүх 30 хоногийн дотор өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх буюу нийт 90 хоногийн дотор асуудал эцэслэгдэх учиртай.
Энэ талаар Улс төрийн намын тухай хуульд:
13.7.Нам хуулийн этгээд болохын хувьд оршин байгаа газрын албан ёсны хаяг, хөрөнгө, түүний өөрчлөлттэй холбоотой бүртгэлийг холбогдох шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.
14.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн тухайн намыг намын бүртгэлд бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын гурван өдрийн дотор өргөдөл гаргагчид бичгээр болон цахимаар хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
Харин олон нийтийн дунд тодорхой болгоха хэд хэдэн асуулт байна.
1. МАН-ын дүрэмд “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалттай. Тиймээс намын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох үү?
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар үүнийг тайлбарлахдаа “…Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” л гэж дүрэмд заасан болохоос “МАН-ын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэсэн хатуу дүрэм хаана ч байхгүй гэсэн.

2. Хэрвээ тийм бол Д.Амарбаясгалан МАН-ын дарга болсон ч УИХ-ын даргаа үргэлжлүүлэн хийж, Г.Занданшатар Ерөнхий сайдаа хийсээр байх тохироо яригдаж байна уу?
МАН-ынхан бол цагаан байрандаа тохиролцоод сурчихсан улс. Даа ялангуяа төрийн эрх баригч намын хувьд намын даргын сонгуулийнхаа өмнө нэг нэгнээ нүцгэлчих шахсан хэдэн өдөр намын гишүүдийг ч цагаан байрандаа учраа олъё гэсэн үзгийг хүн бүрийн амнаас унаж байснаар дүгнэж болно.
Өнгөрсөн хугацаанд ч тэд хичнээн хоёр талд үзэлцсэн ч ялсан, ялагдсан дүр үзүүлээд цаанаа эрх мэдлийн тохироонд хүрээд улс төрийг намжаадаг. Энэ удаад ч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар ч энэ жишгийг дагах нь тодорхой. Эс бөгөөс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН алдана. Дараа дараагийн сонгуулийн үр дүн ч тэдний талд гарахгүй байх эрсдэлтэй.
3. Намын дүрмээ зөрчиж хоёр дахь шатны санал хураалт явуулсан гэх маргаан мөн үүссэн. Үнэхээр дүрэм зөрсөн бол Д.Амарбаясгалангийн ялалт хүчинтэй юу?
Хоёр шатны санал хураалттай явагдсан Бага хурлаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 87.67 хувиар хоёр дахь шатнаас санал авлаа. Ингээд хуучин дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа түүнд шилжүүлж намын даргаар сонгогдсонд тооцсон юм.
Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар талынхан хурлаа хаяж, дүрмийн бус санал хураалт боллоо гэж үзэн, хурал эхэлсэн ирцээс биш хаяж гарсан ирцээс хувиа тооцсон, хуучин дарга Л.Оюун-Эрдэнийг чөлөөлөөгүй байхад нэр дэвшилт явсан, дүрэм дээр байхгүй хоёр дахь шатны санал хураалт хийсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн.
Энэ нь Монгол Ардын намын даргыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үйл явц дүрмийн маргаантай гэх үндэслэлээр 45 хоног гацах магадлалтай юм.
Монгол Ардын намын даргын хувь заяа 12 сарын 31-нээс өмнө хэрхэн шийдэгдэхийг өнөө та бид харах л үлдлээ.






