
Дуучин Селена Гомез, хөгжмийн продюсер Бенни Бланко нар албан ёсоор эхнэр нөхөр болжээ. 2024 оны 12-р сард сүй тавьсан хосын хуримын ёслол өнгөрсөн бямба гарагт Калифорни мужийн Санта Барбара тойрогт байрлах Хөүп Ранч нэртэй газар болжээ.
Хуримын ёслолд хосын гэр бүл, ойр дотнынхноос бүрдэх 170 орчим хүн уригдсаны дотор дуучин Тэйлор Свифт, жүжигчин Пол Радд, Мартин Шорт, Стив Мартин, Пэрис Хилтон, Эд Ширан зэрэг багтжээ. Хуримын цайллага, үдэшлэг зэрэг нь задгай талбайд тусгайлан зассан том цагаан асруудад болсон байна.
С.Гомезийн даашинз, Б.Бланкогийн хослолыг Америкийн алдартай загвар зохион бүтээгч Ральф Лорен урлажээ. С. Гомез мөр, нуруу нь ил гарсан хуримын даашинзаа Tiffany&Co брэндийн очир эрдэнийн шигтгээтэй цагаан алтан ээмэгтэй хослуулсан байжээ.
С.Гомез, Б.Бланко нар анх 2023 оны 12-р сард үерхэж буйгаа олон нийтэд зарласан ба түүнээс өмнө 2015 онд Б.Бланко С.Гомезийн “Same Old Love”, “Kill Em with Kindness” дуунуудыг, 2016 онд “Trust Nobody” дууг продюсерлэж байсан аж. 2019 онд С.Гомез, Б.Бланко хоёр “I Can’t Get Enough” дуун дээр хамтарч ажиллаж байжээ.






