
МАН-ын Бага хурлын VIII хуралдаан 2025.09.27-ны өдөр 11:00 цагаас эхлэн 2025.09.28-ны өглөө 09:00 цагт өндөрлөлөө.
Өглөөний 08 цагт намын даргын сонгуулийн хоёр дахь санал хураалтын тооллогын дүнгээр нэр дэвшигч Д.Амарбаясгалан хуралд оролцсон гишүүдийн 85,67%-ийн санал авч, Монгол ардын намын даргаар сонгогдлоо.
Бага хурлын тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан бөгөөд нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм.
Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 14.3 хувийн санал авсан байдаг.
Хоёр дахь шатны санал хураалтыг явуулахдаа Бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцжээ. Ингээд дээрх гишүүдийн олонх буюу 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгалан ялалт байгуулж, намын даргаар сонгосонд тооцжээ.






