
МАН-ын Бага хурал үргэлжилж байна.
Одоо намын даргад албан ёсоор нэр дэвшиж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэлээ танилцуулж, Бага хурлын гишүүд хоёр нэр дэвшигчээс асуулт асууж байна.
Бага хурлын зарим гишүүдээс нэр дэвшигчдийн талаарх байр суурийг тодрууллаа.
МАН-ын Бага хурлын гишүүн Б.Энхбаяр:
“Манай намын 30 дугаар Их хурал бол авлигатай, авлигачидтай тэмцэнэ гэсэн. Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ намын даргаар сонгогдсон 30 дугаар их хурал дээрээ 2 амлалт авсан. Нэгдүгээрт авлигачтай эвлэрэхгүй гэсэн.
Намын дүрэмд өөрчлөлт орсон авлигын янз бүрийн хэрэгтэй холбогдсон бол намаас гарсанд тооцно гэдэг дүрмийн өөрчлөлт хийсэн. Холбогдсон гэдэг нь шүүхийн шийдвэр ч хэлээгүй. Яг энэ намын шийдвэрийн дагуу намын хяналтын хороо өнгөрсөн хугацаанд 20 гаруй хүмүүсийг намаас гарсанд тооцож байсан. Энд УИХ–ын гишүүд ч байсан. Одоо энэ Номтойбаяраас эхлээд Хаянхярваа одоо хэн хэн ч билээ, баахан хүнийг гарсанд тооцож байсан.
Зарим нь шүүхээр ороогүй, гэм буруугүй болоод цагаадаад явж байна. Намын дүрэм бол алагчлахгүй үйлчлэх ёстой гэж би ойлгож байгаа. Нам бол аль нэг даргын өмч биш, тэр тусмаа МАН өнгөрсөн 100 жилийн түүхэндээ манай намын үе үеийн удирдагч нар ямагт улсын эрх ашгийг эрхэмлэж баримталдаг байсан.
Үүнийхээ төлөө олон дарга нар амиа зольж байсан. Анхны даргаасаа эхлээд Маршалуудаасаа эхлээд улсын эрх ашгийнхаа төлөө өөрийн биеийг үл хайхран улс эх орныхоо төлөө тэмцэж байсан. Тэгэхээр намын эрх ашгийн дээр Монгол Улсын тусгаар тогтнол Монгол Улсын эрх ашиг гэж байгаа юм.
Монголын 3,5 сая иргэний эрх ашиг гэж байгаа юм. Би тэр эрх ашгийн төлөө МАН 100 жил оршиж, ачаа үүрч хариуцлагаа үүрч ирсэн энэ түүхэн хариуцлагаа үргэлжлүүлнэ гэдэгт би итгэлтэй байна”






