
Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Хэлэлцэх асуудлуудын эхэнд Бага хурлын гишүүнээс 49 гишүүн чөлөөлж, 48 гишүүн шинээр сонгохоор санал хураалт явагджээ.
Бага хурлаас чөлөөлөгдөж буй 49 гишүүн нь төрийн жинхэнэ албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр, бусад шалтгаанаар төлөөлөгчид бичгээр хүсэлт гаргасан байна.
Чөлөөлөгдөж буй Бага хурлын гишүүдийн оронд нийт 48 хүнийг шинээр сонгохоор санал хураалт явуулсан.
Хуралд оролцож буй төлөөлөгчид саналаа өгч дууссаны дараа тооллогын комисс дүнг нэгтгэн танилцуулж, Бага хурлын гишүүдийг сонгох тухай тогтоолыг батлах юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа МАН-ын байрны гадна сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр, “Төрийн жинхэнэ албанд томилогдсон ба бусад шалтгаанаар Бага хурлын 49 гишүүний орон гарсан байгаа. Үүнд шинэ гишүүдийг батламжлахаар санал хураалт явууллаа. Гишүүн нэг бүр дээр нууцаар санал хураасан. Одоо тоолж байна.
Ингэснээр Бага хурлын бүтэц, зохион байгуулалт тодорхой болно. Улмаар дараагийн асуудал буюу намын даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэнэ. Одоогоор намын даргад нэр дэвшинэ гэдгээ нийтэд илэрхийлсэн нэг хүн байна.
Одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Бага хурлаар асуудлыг шийдэх хэрэгтэй, өнөөдөр өргөдлөө өгнө гэдгээ хэлсэн” гэлээ.






