
Д.Трамп импортын эм тариа, гал тогооны болон ариун цэврийн өрөөний тавилгын татварыг нэмэгдүүлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сарын 1-нээс эм тарианы импортын гаалийн татварыг 100%, гал тогооны болон ариун цэврийн өрөөний тавилгын татварыг 50%, зөөлөн тавилгын татварыг 30%, хүнд даацын ачааны машины татварыг 25% болгон нэмэгдүүлэхээр болжээ.
Түүний энэхүү шийдвэр дотоодын үйлдвэрлэл болон АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ компаниудыг дотоодын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхэд түлхэц болж өгнө гэжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээнд эм тарианы гаалийн импортын татварын нэмэгдэл нь АНУ-д үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байгаа компаниудын эм тарианд хамаарахгүй гэдгийг онцолжээ.
2024 онд АНУ 233 тэрбум ам.долларын эм тариа импортолсон ба Д.Трампын татварын бодлогын улмаас импортын эм тарианы үнэ цаашид нэмэгдэх нь эрүүл мэндийн салбарын тэр дундаа Medicare, Medicaid эрүүл мэндийн даатгалын зардлыг нэмэгдүүлэх нь гарцаагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Нөгөө талаас Цагаан ордон Д.Трампын засаг захиргааны татварын бодлогын ачаар Johnson & Johnson, AstraZeneca, Roche, Bristol Myers Squibb болон Eli Lilly зэрэг эмийн компаниуд АНУ-д хөрөнгө оруулахаар төлөвлөсөн тухай мэдэгджээ.
Ерөнхийлөгч Д.Трамп хүнд даацын импортын ачааны машинууд болон тэдгээрийн сэлбэг нь дотоодын үйлдвэрлэгчдэд хохирол учруулсаар байгааг онцолж, импортын ачааны машинуудын татварыг нэмэгдүүлснээр Peterbilt, Kenworth, Freightliner, Mack Trucks зэрэг дотоодын хүнд даацын ачааны машин үйлдвэрлэгчид гадны нөлөөнөөс хамгаалагдах болно хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: ru.euronews.com/






