
Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод “ЖЕНДЭРИЙН БОДЛОГООР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ” сэдэвт бүсийн семинар зохион байгуулж байна.
Энэ удаагийн бүсийн семинарт Архангай, Баянхонгор, Булган, Орхон Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан зэрэг аймгийн жендэрийн салбар хорооны дарга, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хяналт-Шинжилгээ үнэлгээний хэлтэс, аймгийн Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар болон Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага (Эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд), малчдын төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүн оролцож байна.


Орон нутгийн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, малчид, тариаланчдын жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт хоорондын холбоо хамаарал, Жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн үнэлгээний талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, Хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх зорилготой юм.
”ЖЕНДЭРИЙН БОДЛОГООР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ” бүсийн семинарыг нээж, Аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа нар үг хэллээ.
Мөн Жендэрийн дүн шинжилгээ ба хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа мэдээлэл хийв.
Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын бүх аймгийг хамарсан бүсийн семинарыг 4 аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг семинар нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санаачилгад жендэрийн үзэл баримтлалыг тусгасан санаачилга, туршлагыг хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн жендэрийн ялгаатай нөлөөллийн талаар ойлголтыг бэхжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах Тогтвортой Хөгжлийн Зорилт 5 (ТХЗ 5), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ 13), хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ 17) болон тэдгээрийн хэрэгжилтийг дэмжих , орон нутагт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Энэхүү семинар нь Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг угтаж буй арга хэмжээний нэг юм.


Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний өмнө тулгарсан гол сорилтуудын нэг болох уур амьсгалын өөрчлөлт нь тэгш бус байдлыг, түүний дотор жендэрийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх хандлагатай байна.
Монгол Улсын хувьд орон нутгийн иргэдийн амьжиргаа, орлого нь уур амьсгалд эмзэг, мэдрэмтгий байгалийн нөөц, цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байдаг тул уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэгд тооцогддог. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий байдлын индексээр 181 орноос 54-д жагсаж байна.








