
Улсын Их Хурлын нарийн бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө
“Үндсэн хуулийн цэцийн 04-р дүгнэлтийг авч хэлэлцлээ. Энэ дүгнэлт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72.1 “Тойрогт ноогдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсан байгаа. /2025.04.22/ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ирсэн /2025.04.30/-нд холбогдох байнгын хороодоор хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн байгаа.
Холбогдох байнгын хороодын саналыг Улсын Их Хурал хэлэлцэж эхлэхэд намын бүлгүүд сайтар ярилцах шаардлагатай гэж үзэн түр хойшлуулсан байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудал намрын чуулганаар хэлэлцэх хуультай тул өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар байнгын хороодын саналыг дэмжсэн. Улсын Их Хурлаас гарсан тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлнэ. Дээд суудлын хуралдаанаараа хэлэлцэх эсэх нь тэдний асуудал” гэлээ.






