
“Gangbay” хамтлаг “Харь” нэртэй шинэ дуугаа цацлаа. Энэ оны тавдугаар сард анхны бие даасан “Касета” тоглолтоо хийж, Төв цэнгэлдэх хүрээлэнд “түймэр” тавьсан залуус энэ жил уран бүтээлийн олз дүүрэн байгаа. Дэгсдүүлэн хэлэхэд энэ жил хийсэн бүх дуу нь хит болсон. Тэд өчигдөр /2025.09.24/ цацсан “Харь” дуугаа “Хилийн цаана харь оронд сайхан цагийн төлөө ажиллаж, амьдарч байгаа бүх монгол залуус, ах эгч, дүү нартаа зориулав” хэмээжээ.
“Байр машин хийчхээд очно
Байж байгаарай.
Хайртай гээд хэлээд явсныг санаж байгаарай.
Байнга хамтдаа сэрэх болно авсан байрандаа...” хэмээн эхлэх “Харь” дуу. Эх орноосоо холд суугаа хэн бүхний сэтгэлд, аманд “Сар шиг холын нутаг” дуу шиг л аяглагдах нь дамжиггүй биз.
Харь нутагт байгаа олон чиг хүнийг “харь” гэж загнаж буй аятай, дууныхаа нэрийг хүртэл ихэд онож өгчээ. “Gangbay” браво.
Ташрамд сонирхуулахад, тус хамтлаг энэ оны 10-11 сард Япон, Солонгос болон Европын орнуудаар тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж.






