
ОХУ-ын Сангийн яам Татварын хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 20 хувиас 22 хувь болгон нэмэгдүүлэх тухай нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. Энэ нь 2022 онд ОХУ Украин руу довтолсноос хойш Москва НӨАТ-ын хэмжээг нэмж байгаа хоёр дахь тохиолдол юм.
Оросын Сангийн яам НӨАТ-ыг нэмж байгаа нь ОХУ-ын Украинд явуулж буй дайныг санхүүжүүлэх зорилготой гэдгийг ил тод зарласан ч аль болох олны анхаарлыг татахгүйг хичээж байгаа нь дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээг нэвтрүүлгийнхээ төгсгөлд дурдаж, ингэхдээ Оросын Сангийн яамны танилцуулсан ирэх 3 жилийн төсөвт ипотек, зам засвар, хөдөө аж ахуйн салбар, нийгмийн халамж, эхчүүдэд олгох урамшуулал, сургууль цэцэрлэгүүдийн засвар, батлан хамгаалахын салбарт илүү их хөрөнгө мөнгө төсөвлөснийг онцолж, НӨАТ-ын нэмэгдлийн талаар ганц хоёрхон өгүүлбэр хэлж байгаагаас анзаарч болох юм.






