
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр /2025.09.23/ Төрийн ордонд болсон. Хэлэлцүүлэгт Ховд аймаг болон Мянгад сумын иргэдийг төлөөлөн 24, D-parliament.mn цахим хуудсаар дамжуулан 17, заалнаас 19, нийт 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлсэн. Өрөг.мн сайтын сурвалжлах баг Төрийн ордонд ирсэн эрдэмтэд, шинжээчидээс ярилцлага бэлтгэн хүргэсэн юм.
Сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Шинжлэх ухаанд суурилсан, үнэн бодит мэдээлэл Монгол Улсын хөгжлийн тулгуур учраас энэ асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандана” гэдгээ илэрхийлсэн юм. Түүний яриаг дараах видеоноос үзнэ үү.
Харин Ховд нутгаас сонгогдсон гишүүд болох З.Мэндсайхан, Э.Болормаа нар юу ярив.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Газрын ховор элементээ ашиглахгүй бол бид дэлхийн хөгжлөөс хоцорно. Тэгэхээр бид хүн ам, эрүүл мэнд, байгаль орчны сөрөг нөлөөллийг нь тооцоод ашиглах боломжтой байгалийн баялгаа ашиглах л ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тусгаар тогтносон Монгол дэлхийтэй харьцах хэрэгтэй. Дэлхийтэй харьцах, бусад орнуудыг татах гол зүйл бол үнэт металл, газрын ховор элементүүд. Тэгэхээр бодитой аюул байгаа юм уу, үгүй юм уу гэдгээ ярилцаад, ойлголцох хэрэгтэй” гэсэн юм.
Сонсголын үеэр Ховд аймгийн Мянгад сумаас ирсэн иргэд ургийн гажигтай хурга, ишиг төрсөн талаарх мэдээллийг шинжээч танилцуулсан юм. Бид энэ талаар хоёр түвшний эх сурвалжаас тодрууллаа.
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор Д.Лхамсайзмаагаас тодрууллаа.
–Ховд аймгийн Мянгад сумын нэр бүхий малчин айлын хотонд ургийн гажигтай мал төрсөн гээд байгаа шүү дээ. Энэ нь “Халзан бүрэгтэй” төсөлтэй үнэхээр холбоотой юу. Энэ төрлийн судалгаа хийгдсэн үү?
–Яг үүнээс боллоо гэсэн баримт, судалгаа гээд байх юм алга. Ер нь бол эхийн хэвлийд бойжих үед эд эрхтэнд нь тааламжгүй хүчин зүйл нөлөөлөөд ургийн гажиг үүсэж байгаа юм. Яг юунаас болж ургийн гажиг үүсэж байгаа вэ гэдгийг сайтар нягтлах, судлах хэрэгтэй. Халдваргүй өвчний судалгааг төр засгаас дэмжиж өгөөсэй…
–Зөвхөн Ховд аймгийн Мянгад суманд гарч байгаа шиг ургийн гажгууд бусад аймгуудад гардаг уу?
–Түрүү үед ч ургийн гажиг гарч байсан шүү дээ. Тэр үед сошиал орчин төдийлөн хөгжөөгүй байсан болохоор мэдээлээд байх нь ховор байсан байх. Сүүлийн үед уран ч гэдэг юм уу, уул уурхайтай холбоотойгоор маш сайн мэдээлээд байдаг болсон.
–”Халзан бүрэгтэй” төсөл хайгуулын ажлаа үргэлжлүүлж, олборлолт хийхээр боллоо гэж бодъё. Энэ төсөл хүмүүсийн яриад байгаа шиг мал амьтанд сөрөг нөлөөтэй юм уу?
– Ордыг ашиглаж эхлэхээс өмнө малын эрүүл мэнд ийм түвшинд байна гэсэн судалгаа байхгүй. Цаашид уул уурхай эрхлэх гэж байгаа тохиолдолд малын эрүүл мэндийн суурь судалгаа хийлгэх хэрэгтэй.
Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав “Олборлож ашиглахгүй байсан ч тэнд байгалийн цацраг цацарсаар байгаа. Ийм бага түвшний байгалийн цацраг малын үр төлд генетикийн гажиг үүсгэх боломжгүй. Гажгийг нь нарийвчлан судлах ёстой” гэсэн юм.
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр “Приусийн нүүрсэн янданд ч газрын ховор элемент байгаа. Тэр ч бүү хэл өнөөдрийн Iphone17-д ч хэрэглэдэг. Тиймээс малчид минь ойлго, газрын ховор элементээс болж үхсэн хүн байхгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Усны газрын дарга З.Батбаяраас,
-Хайгуул хийх, олборлолт хийхэд асар их ус шаардлагатай. Энэ усыг “Халзан бүрэгтэй” төсөл хаанаас, хэрхэн шийдэх вэ? гэх асуултад хариулт авлаа.
Тэрбээр маш товчхондоо бол “Гурил зуурахын тулд ус хэрэгтэй. Тэр ус нь байхгүй байна. Тэгэхээр хамгийн түрүүнд газрын доорх усны нөөцөө тогтоох хэрэгтэй” гэсэн юм. Ярилцлагын дэлгэрэнгүйг үзэх бол дараах холбоос дээр дарна уу.






