
Засгийн газраас Алт-3 аяныг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зарим алт олборлогч аж ахуй нэгжүүд зөрчиж буй тул Ерөнхийлөгч хориг тавьсан. Өчигдөрхөн УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн.
Гэсэн ч Засгийн газрын зүгээс уг хуульд нийцүүлэн Алт-3 аяныг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Сүүлийн 1 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр алтны үнэ огцом өсч, өнөөдөр унц нь 3762 ам.долларт хүрсэн. Харин Монголбанк 1 унц алтыг 436,851 төгрөгөөр авч байна.
Ковид цар тахлын үед хил хаалттай байхад Монголбанканд тушаах алтны хэмжээ 23 тоннд хүрч байсан ч өнөөдөр 13 тонн алт тушааж байгаа нь хууль бус алт олборлолт, хилээр гаргаж байгааг тод харуулж байгаа.
Ирэх онд 20 тонн алт олборлоно гэж Засгийн газар төсөөлж буй. Ингэхийн тулд хууль бус алт олборлолттойгоо хэрхэн тэмцэх төлөвлөгөөгөө салбарын сайд нь танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Монгол орны байгалийн баялаг, тэр дундаа газрын хэвлийн нөөцийн менежменттэй холбоотой асуудал сүүлийн үед хамгийн их маргаан дагуулж байна. Ялангуяа Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт хууль бус алт олборлолт газар авсныг иргэд цахим орчинд болон төрийн байгууллагуудад удаа дараа мэдээлсээр байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам хамтарч ажлын хэсэг байгуулан шалгалт хийсэн. Шалгалтын явцад дээрх гурван аймгийн нутагт нийт 89 объектод хяналт тавихад олон зөрчил илэрсэн.
2014 онд батлагдсан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу хайрга, дайрга, барилгын чулуу зэрэг бүтээгдэхүүний лицензийг орон нутгийн удирдлагууд олгодог болсон. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 64,800 га талбайд 480 гаруй тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэтэл энэ үйл явц хууль бус олборлолтын гол эх сурвалж болжээ.
Аймаг, орон нутгийн удирдлагууд алт, зэс, жонш зэрэг ашигт малтмалтай талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз олгодог. Энэ боломжийг ашиглаж, бичил уурхайн зөвшөөрөл нэрийн дор хууль бусаар алт олборлох тохиолдол нэмэгдсэн. Бүр голын эрэгт “загас үржүүлнэ” гэсэн зөвшөөрөл авчхаад алт олборлож байгаа жишээ ч гарсан.
Манай яам хуулийн хэрэгжилтийг шууд мөрдүүлэх бүрэн эрхгүй. Энэ нь хууль хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэг. Иргэдийн хамгийн их гомдол бол бид очоод лацдаад буцахад маргааш нь шууд лацыг авч ажиллаад эхэлдэг. Энэ бол Монгол Улсын хуулийг илт зөрчиж буй үйлдэл. Зарим тохиолдолд цагдаагийн байгууллага өөрсдөө хуйвалдсан байж болзошгүй гэх асуудал ч яригдаж байгаа.
Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан бичиг хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар тэмдэглэл оруулсан бөгөөд ТЕГ, АТГ, ХЗДХЯ-ыг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ингэснээр хууль бус олборлолттой эрс тэмцэх, холбогдох байгууллагын хариуцлагыг чангатгах зорилготой аж.
Мөн УИХ-аар “Алт-3” хөтөлбөртэй холбоотой гурван тогтоолын төсөл батлагдсан. Үүнд алтны хууль бус экспорттой тэмцэх, санхүүжилтээр дэмжих, хайгуул судалгааны ажлын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудал тусгагджээ.
“Бид ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түгээмэл тархацтай ашигт малтмалын зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуультай уялдуулах, улсын нэгдсэн сангийн хяналтад оруулах чиглэлд ажиллана. Харин хууль хүчний байгууллагууд хууль бусаар олборлогчидтой хуйвалдсан нь тогтоогдвол гүйцэтгэх ажиллагааны журмаар шалгаж, хариуцлага тооцно” гэдгийг Г.Дамдинням гишүүн онцоллоо.
Ийнхүү хууль бус алт олборлолттой холбоотой цоорхойг хууль, хяналтын байгууллагууд хамтран хааж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын эдийн засагт нэмэр болохуйц шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсон байна.






