
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европ болон НАТО-гийн ОХУ-ын эдийн засагт үзүүлэх дарамт шахалтын дэмжлэгтэйгээр Киев бүх газар нутгаа эргүүлэн авч чадна хэмээн мэдэгджээ.
Тэрбээр уг мэдэгдлээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хийсэн уулзалтынхаа дараа хийжээ. Америкийн төрийн тэргүүн өмнө нь удаа дараа ОХУ-Украины дайныг дуусгахын тулд Киев газар нутгийнхаа зарим хэсгийг ОХУ-ын хяналтад үлдээхээс өөр аргагүй тухай дурдаж байсан билээ. Ерөнхийлөгч Д. Трамп Украин болон ОХУ-ын зэвсэгт хүчний болон эдийн засгийн нөхцөл байдлыг илүү сайн ойлгосны үр дүнд байр сууриа өөрчилснөө зарлажээ.
Тэрбээр, “В.Путин, Орос хоёр эдийн засгийн том асуудалд орсон, Украины хувьд одоо л хөдлөх цаг” хэмээн онцолжээ. В.Зеленскийн хэлснээр ОХУ-Украины дайн дууссаны дараа Вашингтон Киевт зэр зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах систем, дрон зэргийг нийлүүлэх байдлаар аюулгүй байдлын баталгаа өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Fox News сувагт өгсөн ярилцлагадаа В. Зеленский Д.Трампын мэдэгдэл гэнэтийнх байсан хэдий ч үүнийг АНУ дайн дуустал Киевийн талд байх болно гэсэн “эерэг дохио” гэж харж байгаагаа дурджээ. Түүний хэлснээр В. Путин Ерөнхийлөгч Д.Трампад хэтэрхий олон удаа худал ярьсан нь Д.Трампыг байр сууриа өөрчлөхөд хүргэжээ. Түүнчлэн өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн гишүүн орнуудын агаарын зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн Оросын онгоцнуудыг НАТО буудаж унагах ёстой хэмээн мэдэгдсэн билээ.






