
Сүүлийн үед цахим орчинд Ерөнхий боловсролын 6-9-р ангийн хүүхдүүдийг ургац хураалтад явуулсан гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл эл явдал нь 2023 онд болсон бөгөөд тухайн үед нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос яаралтай арга хэмжээг авч таслан зогсоосон байдаг. Үүнээс хойш дахин ийм төрлийн гомдол санал ирээгүй боловч тухайн үйлдэл нь хуулийн дагуу хэрхэн явагдах байсан, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт эрхзүйн орчноор хэрхэн хангагдах хэрэгтэй талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараас тодрууллаа.

Тэрбээр:
“Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээнд оюутан, сурагч болон сонсогч нарыг ургац хураалтын ажилд явуулна гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр Хүний эрхийн Үндэсний Комисс албан ёсны байр сууриа илэрхийлж байгаа.
Яг үүнтэй адилхан тохиолдол 2023 онд гарч байсан нь Төв аймгийн Засаг даргын захирамжаар нэр бүхий сумдын сургуулийн 6-аас 12 дугаар ангийн сурагчдыг ургац хураалтын ажилд ажиллуулна” гэх захирамж гаргаж байв. Тухайн үед нь ХЭҮК-оос комиссын гишүүний шаардлагыг хүргүүлээд үйл ажиллагаагаа таслан зогсоож байсан.
Гэтэл иргэдийн дунд “Монгол хүмүүс эртнээс хүүхдээр хөдөлмөр эрхэлж хөдөлмөрийн дадал турш зуршилтай байсан. Энэ уламжлал хаачсан юм бэ” гэх асуулт гарч буй. Тэгвэл эл үйлдэл яагаад хүний эрхийг зөрчсөн бэ гэдгийг тайлбарлая:
Монгол Улс эрх зүйт төртэй хууль дээдэлсэн ардчилсан улс гэдгээ Үндсэн хууль дээрээ баталгаажуулсан. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц дотоодын хууль тогтоомжоор хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг хуульчлаад өгчихсөн байгаа. 15 насанд хүрсэн хүүхдээр болзол шаардлагын дагуу хөдөлмөр эрхлүүлж болно.
Өөрөөр хэлбэл ямар нөхцөлд хөдөлмөр эрхлүүлж болох юм бэ гэвэл:
Нэгдүгээрт: Тухайн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай
Хоёрдугаарт: Хүүхдүүдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний цалин хөлс олгосон байх шаардлагатай.
Гуравдугаарт: Сурч боловсрох эрх буюу тухайн сурагч, сонсогч, оюутны сурч боловсрох эрхийг тасалдуулахгүй байх шаардлагатай.
Эдгээр үндсэн шаардлагуудыг биелүүлж байж хүүхдээр бол хөдөлмөр эрхлүүлж болно Огт хүүхдээр ажил хийлгэж болохгүй хүүхдийг хөдөлмөрийн дадал зуршилтай болгож болохгүй гэж ХЭҮК-оос зөвлөж шаардаагүй.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхээр бол хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тэр эрхлүүлж байгаа хөдөлмөр нь тухайн хүүхдийн бие сэтгэхүй, насны онцлогт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэж байгаа юм.
Өнөөдрийн Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр оноогдсон хугацаанд үргэлжилнэ. Хичээлийн улирал болоод хоног, цагийг хуульчлаад өгчихсөн. Энэ хугацаанд хичээл тасалдуулах үйл ажиллагаа явж болохгүй.
“Хүүхдийн сурч боловсрох эрхийг тасалдуулахгүй байх ёстой” гэдэг энэ зарчим байх ёстой. Хэрэв эцэг эхээс нь зөвшөөрөл аваагүй, цалин хөлс олгоогүй, сурч боловсрох эрхийг нь тасалдуулж байгаа бол энэ албадан хөдөлмөр болно шүү.
Хүүхдээр тодорхой хэмжээнд хөдөлмөр эрхлүүлэх нь нээлттэй. Гагцхүү хуульд заасан шаардлагуудыг хангасны үндсэн дээр хөдөлмөр эрхлүүлж болно. Монголын уламжлалт хэв маягаар бол зохицуулагддаг байсан байж болно. Хүүхэд малаа хариулдаг, цай, хоолоо бэлддэг байсан ч гэдэг юм уу . Харин одоо эрх зүйт нийгэмд, нийгмийн харилцаанд оролцож байгаа бол тэрийг ямар нэгэн эрх зүйн хэм хэмжээгээр, хуулиар, журмаар, дүрмээр захиргааны актаар зохицуулж байгаа.
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ямар нэгэн компани, эцэг эх, эс үгүй бол сургалтын байгууллагын удирдлагын найраан дунд явагддаг зүйл биш. Монгол Улсын насанд хүрсэн, насанд хүрээгүй бүх иргэн хуулийн дор ажиллаж амьдардаг. Тиймээс бүгдээрээ хууль биелүүлж, бие биедээ шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ингэж байж бид эрх зүйт нийгэмд эрх зүйн харилцаанд өв тэгш оролцож явах боломж бүрдэх юм” гэв.









80 oni ued ih deed surguuliin oyuntanuud urgats huraaltand ih yvdag bailaa . Buruu yum baihgui shuu dee. Ajil hiij surah hetehtei boluu daa