
Есдүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сум Сайхан мод хэмээх газарт 2 настай хүү ор сураггүй болж эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагааны долоо дахь өдөр /2025.09.23/ эрлийн баг зургаан бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг явуулсан байна.
Нэгдүгээр бүлэг: Хүүг алга болсон газраас зүүн болон зүүн хойд зүгт 1-8 км-т чонын үүр, хэрэгсүүрүүдэд 5 хүн 5 морьтой явж үзлэг, шалгалт хийжээ.
Хоёрдугаар бүлэг: 179 алба хаагч, долоон эрэлч нохойтой 3,4 км радиуст самналт хийжээ.
Гуравдугаар бүлэг: Дрон ашиглан агаараас эрэн хайх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Дөрөвдүгээр бүлэг: Цагдаагийн ерөнхий газрын, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид холбогдох ажиллагаа явууллаа.
Тавдугаар бүлэг: Хүүг алга болсон газраас зүүн урд зүгт 600 м өргөнтэй 2 км газрыг явганаар 64 хүний бүрэлдэхүүнтэй явганаар самналаа.
Зургаадугаар бүлэг: 5 алба хаагч, эрэлч нохой, могойн нүд дурантай Сайхан модны Цармын эх гэх газарт тус тус эрлийн ажиллагааг явуулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр олдоогүй байна.
Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111-р байр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Сайн дурын иргэд зэрэг хүмүүс алга болсон хүүг найм дахь өдрөө эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.






