
Франц, Монако болон Люксембург улс Палестины тусгаар тогтнолыг дэмжжээ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон НҮБ-ын чуулганы үеэр Франц улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буйг албан ёсоор зарлажээ. Түүний энэхүү мэдэгдлийн дараа Монако болон Люксембург улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөө мэдэгджээ. Ерөнхийлөгч Э.Макрон, “Бид одоог хүртэл Ойрх Дорнодод шударга ёс, энхийг цогцлоож чадаагүйдээ хамтын хариуцлага хүлээх ёстой. Палестины ард түмний хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрснөөр Израилын ард иргэдийн эрхийг үл ойшоосон зүйл огт байхгүй. Францчууд Израилыг анхнаас нь дэмжиж ирсэн билээ.
Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь Израилд энхийг авчрах цорын ганц шийдэл гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ. Франц улс анх энэ оны 7-р сард Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж буйгаа зарлаж байсан бөгөөд Ерөнхийлөгч Э.Макрон Палестины түүхэн газар нутгийг энхийн замаар Израил болон Палестин хоёр улсын хооронд хуваах санааг хэрэгжүүлэхийг уриалжээ.
Өнгөрсөн 5-р сард Норвеги, Ирланд болон Испани улс, өнгөрсөн ням гарагт Их Британи, Канад, Австрали зэрэг улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Энэхүү шийдвэр нь Израилд шахалт үзүүлж, Израилын Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоох зорилготой юм. 2023 оны 10-р сараас хойш буюу Израил Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Газын зурваст 65,283 хүн амь үрэгдээд байна. Израилын Газын зурваст явуулж буй дайныг геноцид гэж тодорхойлох олон улсын ажиглагчид болон хүний эрхийн мэргэжилтнүүдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Израилын эрх баригчид Европын орнууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа нь ХАМАС бүлэглэлд ашигтай хэмээн Палестины тусгаар тогтнолыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа юм.






