
“Загреб-2025” ДАШТ-д Монголын баг чөлөөт бөхийн төрөлд 20, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчинтай оролцож, тэмцээнээ өндөрлүүлэв.
Багийн бүрэлдэхүүн:
Нийт эмэгтэй 10, дасгалжуулагч 3, эрэгтэй 10, 3 дасгалжуулагч, 1 сонгомол, 1 эмч нарын нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Медалийн тоо:
1 мөнгө, 3 хүрэл медаль авсан амжилтаар эмэгтэй 7-р, эрэгтэй багаараа 9-р байрт бичигдлээ.
Оролцсон орны тамирчдын тоо:
88 орны 800 гаруй тамирчин Загребийн дэвжээнд зодоглов.
Хорватын Загреб хотноос дэлхийн медалиа буухиалсан тамирчдын нэрсийг танилцуулъя
Эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд мөнгөн медалийг Т.Тулга хүртэв.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд Т.Алтжин хүрэл медаль зүүлээ.


Эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Т.Энхжин хүрэл медаль хүртлээ.


Эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд П.Орхон хүрэл медаль хүртсэн юм.


Монголын тамирчдын өмнөх амжилтын товчоон:
Манай Улс чөлөөт бөхийн ДАШТ-нд 1963 оноос оролцож эхлэн 1967 онд анхны медалиа авснаас хойш 7 алт 29 мөнгө, 47 хүрэл нийт 83 медаль авсан амжилт нь олимпын төрлүүдээс ДАШТ-нд Монголын хамгийн олон медаль авсан төрөл болдог.
Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ:
Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн тэмцээн 1904 онд гараагаа эхэлсэн бол эрэгтэй чөлөөт бөх 1951, эмэгтэй чөлөөт бөхөөр 1987 оноос эхлэн дэлхийн аваргаа шалгаруулж эхэлжээ.
Монголын эрэгтэй чөлөөт бөх 1963 онд Болгарын Софид анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд Д.А.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнхбат зэрэг тамирчид Гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагвын удирдлага дор хүч үзэж байв.
Монголын анхны медаль 1967 онд Энэтхэгийн Дели хотод Ж.Мөнхбат хүрэл медаль хүртсэнээс эхэлсэн түүхтэй. Чөлөөт бөхийн ДАШТ-нийг жил бүр Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооноос зохион байгуулдаг.
Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн тамирчид:
- Зэвэгийн Ойдов: 1974 (Стамбул, 62 кг), 1975 (Минск, 62 кг)
- Хорлоогийн Баянмөнх: 1975 (Минск, 100 кг)
- Соронзонболдын Батцэцэг: 2010 (Москва, 59 кг), 2015 (Лас-Вегас, 63 кг)
- Сүхээгийн Цэрэнчимэд: 2014 (Ташкент, 60 кг)
- Пүрэвдоржийн Орхон: 2017 (Парис, 63 кг)
18 жил Дэлхийн дэвжээнээс найдвар таслалгүй медаль хүртсэн спортын төрөл бол “Чөлөөт бөхийнхөн” юм.






