
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Монгол Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд Орхон аймагт зохион байгуулагдсан “Илгээлтийн эзэд” хангайн бүсийн даншиг наадамд барилдахаар явах замдаа авто ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Улмаар тээврийн прокурорын газраас эсрэг урсгалаас орж ирж мөргөлдсөн машины жолооч Ц.О-г яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх есдүгээр сарын 16-нд хэлэлцэн хэрэгт холбогдогч талаас хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авчээ. Улмаар Ц.О-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхэд маргааш буюу / 2025.09.23/-нд товлогдсон байна.
Монгол Улсын начин Ө.Батзул нь 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Монгол Улсын начин цол хүртсэн өсөх ирээдүйтэй бөх байлаа.






