
Энэ долоо хоногт ч төрийн томчууд нь улсын төсвийг улс төржилтийн хэрэгсэл болгож, УИХ-ын гишүүд нь тойрогтоо 15 тэрбумаа тавиулж чадаагүйд ялархан цэц булаалдсан өдрүүд үүргэллжилнэ.
Угтаа улс төр хутгалдаж, улс төржүүлэн хийрхэх зүйл улсын төсөв бичш гэдгийг дээр доргүй мэдэх л учиртай. Улсын төсвөөс ахмадууд нь тэтгэврээ авч, багш, эмч, цэрэг, цагдаагийнхан гээд цалингаа авч, бэрхшээлтэй, бэрхшээлгүй иргэд нь халамж, тэтгэмжээ авч, ажил хийж, бизнес эрхлэгчид нь татвараа төлж, хуримтлуулан, хуваарилуулдаг зүйл.
Харин улсын төсөвт ул суурьтай хандаж, гадаад, дотоод нөлөө, хүчин зүйлсийг шинжлэн тодорхойлж, хэтдээ хэрхэх ёстой төрийн санг баригчдад сануулж, төсөв батлагчдад сэнхрүүлэн ойлгуулдаг дүгнэгчид бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөл билээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2026 оны төсвийн төслийн талаарх дүгнэлтээ танилцуулж, УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж буй өдрүүдэд улс төрөөс ангид мэргэжлийн тайлбаруудыг хийж байна.
Харин тэдний дүгнэлтийг сонсоод ойлгоод, хүлээж авдаг улс төрчид нь хэд бол гэж эргэлзэх…
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засагч Н.Энхбаярын хувьд энэ удаагийн төсөв өнгөрч буй 2025 оны төсвөөс аррай дээрдсэн хийгээд цаашид дэлхий дахин ийм тодорхойгүй нөхцөлд Монгол Улс анхаарах шаардлагатай дүн шинжилгээ гаргасан юм.
Н.Энхбаяр: Нүүрсэнд найдах цаг өнгөрсөн. Зэс, уран, газрын ховроо ашигла
“Дэлхийн том зах зээлүүд дээр болж буй үйл явц нь эдийн засгийн ойлголтоосоо илүү улс төр, геополитикийн олон хүчин зүйл нөлөөлдөг учир манайх шиг зөвхөн түүхий эд нийлүүлдэг улс орны хувьд тэр бүхий таамаглах бололцоогүй юм.
Тиймээс тэр бүхнээс өнөөдөр жаахан зайлсхийж, эдийн засгаа тогтворжуулж, төрөлжүүлнэ гэсэн зорилт руугаа явах хэрэгтэй байна.
Өнгөрсөн хоёр жил хөөсөрсөн зэс болон нүүрсний үнэ буурч байна. Үнэ ханш, түүнийг дагаад эдийн засаг авалгаатай байсан учир бид энэ тал дээр их алдаж ирсэн. Савлана гэдгийг ойлгоогүйгээс улстөрчид эрдэс баялгийн үнэ ханш байнгын өсөлттэй байх юм шиг бодоод төсвөө өндөр төлөвлөж үрэлгэн зарж ирсэн.
Нэгэнт өсгөсөн зардлыг буцааж хасахад сөрөг үр дагавар ихтэй. Нэг жилийн өндөр төлөвлөсөн төсөв нь дараа жил нь бүгдээрээ хасагдахгүй байна. Барилга болон тоног төхөөрөмжтэй холбоотой зардлуудыг хасаж болж байна.
Суурь цалин, тэтгэвэр, урсгал зардлыг буцаад хасахгүй байна. Хассан ч гэсэн нийгмийн олон салбарын асуудлыг хөнддөгөөр маш хүнд тусах жишээний.
Үүнийгээ одоо л бид бага сагаар ойлгож эхэлж байна. Цаашид савалгаатай байдлаас зайлсхийхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан юм. Хамгаалахын тулд энэ Тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан юм шүү дээ.
Тиймээс цаашид бид түүхий эдийн экспортын үнэ ханш, биет хэмжээг бус төсвийн орлогоо төрөлжүүлж, аль болох олон хувилбартай байх ёстой. Ядаж л эдийн засаг маань 1-2 түүхий эдээс хамаарахгүйгээр түүхий эд нь өөр өөр төрлийн байвал үнэ ханшийг таамаглах боломж нь илүү сайжирна”
Алт, зэс, нүүрсний үнийн төсөөлөл ямар байх нь вэ?
“Нүүрсний үнэ жишээ нь маш их савлагаатай байна. Бид биет хэмжээг тааварлаж чадахгүй байна. Урд хөрш БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт хэр байхыг бид мэдэхгүй байна. Нийт хэмжээг мэдлээ ч гэсэн түүнийг Австралиас уу, Оросоос уу, Монголоос авах уу, аль улсаас түлхүү худалдан авах нь ойлгомжгүй байна. Бид таамаглаж чадахгүй юман дээрээ тулгуурлаад төсвөө хийгээд байгаа учир савлагаатай байгаа юм.
Нүүрсэн дээр урд хөршийн хэрэгцээнээс гадна манай өөрийн дэд бүтцийн асуудал учирч байгаа. Бид дэд бүтцээ аль 2019-2020 онд холбочихлоо гэж ойлгож байсан. Гэтэл тийм биш байсан. Одоо холботын ажлыг хийгээд 2028 онд дуусах гэж байна.
Бидний дахиад нэг ойлгож анхаарахгүй байгаа зүйл нь коксжих нүүрс нь ган төмөрлөгийн түүхий эд юм гэдэг. Ган төмөр хэдий чинээ борлогдож байгаагаас хамаараад коксжих нүүрс болон төмрийн хүдрийн эрэлт өснө. Гэтэл харамсалтай нь энэ салбарт БНХАУ-ын баримтлаж буй бодлого эсрэгээр байна.
2025 оны 8 дугаар сараас БНХАУ-ын салбарын 5 яам Үндэснийй шинэтгэлийн хороо гэсэн 6 төв байгууллага нь “Хятадын гангийн үйлдвэрийг хэрхэн тогтворжуулах” гэсэн төлөвлөгөө гарган ажиллаж байх жишээний.
Эрэлт тал дээр ийм өөрчлөлтүүд гарахаар байна. Нүүрсэнд найдах цаг өнгөрсөн. Тиймээс зэс хайлуулж боловсруулах, газрын ховор элемент, уран зэргээр зөвхөн нүүрснээс хамаарах байдлыг арилгаж бусад түүхий эдийн боловсруулалт, экспорт дээрээ анхаарья”






