
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд явуулж буй дайн тулаанаа эрчимжүүлснээр ОХУ Киевтэй хийх хэлэлцээний үр дүнг өөрийн талд эргүүлж чадна гэж үзэж буй талаар эх сурвалжууд Bloomberg агентлагт мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин өнгөрсөн 8-р сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Аляскад хийсэн уулзалтынхаа дараа ийм дүгнэлтэд хүрсэн ба эх сурвалжуудын мэдээлснээр Аляскад болсон уулзалтаар Ерөнхийлөгч В. Путин Д. Трампад ОХУ-Украины дайнд хөндлөнгөөс оролцох ямар ч сонирхол байхгүй гэдгийг ойлгосон аж.
Оросын төрийн тэргүүн Киев Донецк болон Луганск мужуудаас цэргүүдээ гаргавал Москва галаа зогсоож, фронтын шугамыг царцаахад бэлэн хэмээн мэдэгдсэн ч Киев В. Путины тавьсан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.
В. Путин, Д. Трамп нарын уулзалтаас өмнө ОХУ-ын Украинд үзүүлэх агаарын цохилтуудын тоо буурсан байдалтай байсан бол уулзалтын дараа Оросын Украинд үзүүлэх пуужин болон дроны цохилтуудын тоо 46 хувиар нэмэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэнээр зөвхөн 9-р сарын эхний хагаст ОХУ Украины нутаг дэвсгэрт 3500 гаруй дрон 190 пуужин, 2500 гаруй тэсрэх бөмбөгөөр цохилт үзүүлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч В. Путин Израилын Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааг маш анхааралтай ажиглаж байгаа ба Б. Нетаньяхугийн Газын зурваст явуулж буй дайн ОХУ-ын Украинд явуулж буй дайнаас ч хэрцгий гэж үзэж байгаа аж. Тиймээс Израилын ажиллагааг хүлээн зөвшөөрч буй АНУ болон Европын холбоо ОХУ-ыг шүүмжлэх эрхгүй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Bloomberg






