
Францын тэргүүн хатагтай Брижитт Макрон эмэгтэй гэдгээ батлахын тулд шүүхэд гэрэл зургийн болон шинжлэх ухааны баримт нотолгоо танилцуулахаар бэлджээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, гэргий Брижитт нар нийгмийн сүлжээгээр Брижитт Макроныг трансжендер эмэгтэй гэсэн цуурхал тараасан Америкийн хэт барууны үзэлтэн Кэндис Оуэныг Францын тэргүүн хатагтайн тухай хуйвалдааны онол түгээсэн хэмээн буруутгаж, шүүхэд өгөөд байгаа юм.
36 настай К. Оуэн нь анх Америкийн Бүгд найрамдах намыг шүүмжлэгч гэдгээрээ олон нийтэд танигдаж байсан ч удалгүй өөрөө тус намын эгнээнд элсэж, энэ сарын эхээр алуурчны гарт амиа алдсан Чарли Киркийн Turning Point USA байгууллагад ажиллаж, барууны үзлийг түгээдэг The Daily Wire подкастыг хөтөлж байсан түүхтэй аж. Тэрээр өөрийн подкастаа хөтөлж эхэлснээс хойш YouTube, TikTok платформуудад тус бүр 5 сая дагагч, Instagram-д 6 сая, X болон Facebook-т тус бүр 7 сая дагагчтай болжээ. К. Оуэнс еврейчүүдийн болон вакцины эсрэг үзэл бодолтой гэдгээрээ алдартай бөгөөд нийгмийн сүлжээгээрээ голчлон хуйвалдааны онолууд ярьдаг аж.
К. Оуэнс подкастаараа Францын тэргүүн хатагтайг Жан Мишель Троню нэртэй эрэгтэй хэмээн мэдэгдэж, түүнийг өөр эмэгтэйн нэрийг хулгайлж, өөрийгөө эмэгтэй гэж олон нийтийг төөрөгдүүлж байгаа тухай дурдсан ба 2024 оны 3-р сард К. Оуэнс Брижитт Макрон эрэгтэй гэдэгт өөрийн карьераа ч мөрий тавихад бэлэн хэмээн мэдэгдэж, Э. Макроны гэргийн хамт шүүхэд түүний эсрэг гаргасан нэхэмжлэлийг няцаах хүсэлт гаргажээ.
Сонирхуулахад Жан Мишель Троню нь Брижитт Макроны төрсөн ахын нэр аж.
Шүүх хурлын талаар Францын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нарын өмгөөлөгч Том Клэр, “Хэн гэдгээ нотлохын тулд шүүхэд очиж, баримт нотолгоо танилцуулах гэж байгаа нь өөрөө асар их сэтгэл гонсойлгосон явдал юм. Дээр нь энэ бүх үйл явц олны нүдэн дээр явагдаж байна. Гэхдээ үйлчлүүлэгч маань шудрага ёсыг тогтоохыг зоригтойгоор шийдсэн.” гэжээ.
Түүний хэлснээр Брижитт Макроны хүйсийг эмэгтэй гэдгийг шинжлэх ухааны зүгээс нотлохын тулд шинжээч мэдүүлэг өгөх аж. Түүнчлэн тэргүүн хатагтайн жирэмсэн байсан үеийн болон хүүхдүүдээ өсгөж байх үеийнх нь гэрэл зургуудыг ч танилцуулж магадгүй гэжээ.
Францын тэргүүн хатагтайг трансжендер эмэгтэй гэсэн цуурхал анх 2017 онд гарч байсан ба 2021 онд өөрийгөө чөлөөт сэтгүүлч хэмээн нэрлэсэн Наташа Рей өөрийн нийгмийн сүлжээнд уг цуурхлыг дахин бичиж, олон нийтийн анхаарлыг татсан юм.
К. Оуэнсын төлөөлөгч Францын тэргүүн хатагтайн К. Оуэнсын эсрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд “Энэ бол Америкийн хараат бус сэтгүүл зүйд халдсан явдал, Францад улстөрчид сэтгүүлчдийг дээрэлхэж болдог бол АНУ-д тийм зүйл болохгүй.” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: People






