
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Адмирал Дун Жуний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус улсад албан ёсны айлчлал хийж, 12 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцож байна. Энэ үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Д.Батлут хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын цэрэг техникийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж буйг онцолж, цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүн болон өндөр дээд түвшний уулзалтууд тогтмолжиж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр амжилттай хэрэгжиж байгааг онцолсон юм.


Хоёр талын батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд 2005 оны “Хамтын ажиллагааны хэлэлцээр”, 2013 оны “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг өндөр үнэлж, боловсон хүчний солилцоо, хоёр талын хамтарсан сургалт, олон талт энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцож буйг дурдав. Цаашид зэвсэглэл техникийн шинэ сорилтод тулгуурлан, шинээр нэвтэрч буй техник, технологийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, хамтарсан сургалт, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг саналуудыг Монголын тал дэвшүүллээ.


Уулзалтын төгсгөлд хоёр тал 2019 онд шийдвэрлэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд олгох 20 сая юанийн автомашины тусламжийн протоколд гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол, Хятадын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд хөгжих боломж нээгдэж, хоёр орны стратегийн харилцаанд шинэ хуудас нээгдэж байна.












