
Улсын Их хурлын чуулган үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг аманд нь өвс хийсэн ч сэгсэрдэг болчихлоо. Гишүүд нар нь нэг асуусан болоод сайд нар нь нэг хариулсан болоод ингээд дуусна. Өмнө жил алдагдалгүй төсөв гэж яриад байсан яг хивэндээ л байна. Ер нь манай сайд нар энэ жилээс л яг гоё болно гээд яриад байх юм. Та нар чинь бүгдээрээ л хэд хэдэн засгийн газарт сайд дарга байсан хүмүүс биз дээ өөрсдийгөө танихаа больчихсон юм уу. Энэ байдлаараа явах юм бол хэдэн жилийн дараа Улсын төсвийн орлого түүхий эдийн үнийн уналтаас хамаараад унах юм бол Улсын төсөв чинь урсгал зардлаа ч дийлэхээ болино. Юун хөрөнгө оруулалтын зардал.
Сүүлийн 10 жилийн хугацаанд сумын Засаг даргын тамгын газар, аймгийн засаг даргын тамгын газар, нэг цэгийн үйлчилгээ, нийгмийн даатгал гэх мэт төрийн 623 ширхэг барилга байгууламж 1.8 их наяд төгрөгөөр баригдсан байна. Энэ чинь эргээд урсгал зардлыг нэмж байгаа юм. Зөвхөн 2026 оны төсөв дээр 5-с дээш жил үргэлжилж байгаа 1 тэрбумаас дээш төгрөгөөр анхны төсөвт өртөг нь өссөн 42 ширхэг барилга, байгууламж байна. Үүний нийт төсөв нь 357 тэрбум төгрөг . Эдгээр барилгуудыг он дамжиж хойшлуулахгүйгээр анхны төсөвт өртгөөр нь барьсан бол бид нар өнөөдөр тэтгэвэрт гарах ахмадуудынхаа мөнгийг ямар ч асуудалгүй өгөх байж.
Боловсролын жил гэж зарлаад байгаа бол тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь тэвчээд сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг 100 хувь шийдье. Боловсролын жил болгоно гэчхээд Улаанбаатар хотод байгаа хоёр номын санд ном авах төсөв нь 12.5 сая, аймгуудад 2.5 сая төгрөг төсвөлсөн байна. Ийм боловсролын жил гэж байдаг юм уу. Тэгэхээр би энэ асуудлаар Төсвийн байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гаргана. Мөн замын асуудал хэдэн өдөр яригдлаа. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг байсан бол даргаа дагаж зам нь тавигддаг болсон.






