
Өнгөрсөн пүрэв гарагт Францад үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан эдийн засгийн хатуу бодлого, төсвийн хэмнэлтийн эсрэг ажил хаялтад олон зуун мянган иргэд нэгджээ. Франц даяар болсон уг ажил хаялтад багш нар, галт тэрэгний жолоочид, эмийн санчид, эмнэлгийн ажилчид болон ахлах ангийн хүүхдүүд хүртэл нэгдсэн байна.
Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлснээр пүрэв гарагийн жагсаалд Франц даяар бага ангийн 3 багш тутмын нэг нь, Парис хотод 2 багш тутмын нэг нь нэгджээ. Жагсагчид болон үйлдвэрчний эвлэлүүд өмнөх засгийн газрын боловсруулсан төсвийг цуцлахыг шаардаж байгаа аж.
Уг төсөвт улсын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төсвийг танах, ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг богиносгох зэргийг тусгасан байгаа ба иргэд шинэ төсөвт нийтийн үйлчилгээний салбарын төсөв, баячуудаас авах татвар зэргийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж.
Шинээр томилогдсон Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню ойрын өдрүүдэд үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөлтэй уулзаж, шаардлагыг нь сонсохоо мэдэгджээ. Нэг талаас иргэд болон зүүнийхэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Ерөнхий сайд С. Лекорнюгээс төсвийн хэмнэлтээ зогсоохыг шаардаж байгаа бол нөгөө талаас хөрөнгө оруулагчид эдийн засгийн алдагдлаас сэргийлэх бодитой арга хэмжээ авахыг шаардсаар байгаа аж.






