
68 оюутанд Туркийн Засгийн газрын тэтгэлэг олгожээ
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Башак Гэнч Юксэл энэ жил Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Тэрээр Турк Улсын боловсролын талаар мэдээлэл өгсөн байна.
2025-2026 оны хичээлийн жилд Турк Улсад 68 оюутанд Туркийн Засгийн газрын тэтгэлэг олгожээ. “Туркэд Төгсөгчдийн Нийгэмлэг” (АТА)-тэй хамтран зохион байгуулсан энэ уулзалтад УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар оролцож, Турк Улсад сурсан туршлагаасаа хуваалцаж, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өглөө.
“Туркэд Төгсөгчдийн Нийгэмлэг” (АТА)-ийн төлөөлөгчид мөн оюутнуудад тус улсын цаг агаар, соёл уламжлал, тэтгэлгийн тухай мэдээлэл өгч, тэдний асуултад хариулжээ.
Элчин сайд Башак Гэнч Юксэл оюутнуудад амжилт хүсээд Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Энэ жил тус улсад инженер, нийгмийн ухааны чиглэлээр оюутнууд түлхүү суралцана гэж БНТУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.






