
Оросын сөрөг хүчний тэргүүн агсан Алексей Навальныйг 2024 оны 2-р сарын 16-нд Ямало-Ненецийн өөртөө засах орны Харп тосгоны ойр байрлах Засан хүмүүжүүлэх 3-р төвд нас барсны дараа түүний багийнхан түүний биеэс биологийн шинжилгээний сорьц авч чадсан ба тэдгээр сорьцоо гадаадын хоёр орны лаборатори луу илгээжээ. Дээрх хоёр лаборатори нь сорьцыг шинжилсний үр дүнд А. Навальныйг хордуулсан болохыг тогтоожээ.
Түүнээс гадна А. Навальныйн багийнхан түүний хоригдож байсан засан хүмүүжүүлэх төвийн 5 харгалзагчаас мэдүүлэг авч, А. Навальныйн сүүлчийн өдрүүдийн үйл явдлуудыг сэргээхийг хичээжээ.
Ю. Навальныйн мэдээлснээр нөхрийг нь засан хүмүүжүүлэх 3-р төв рүү шилжүүлснээс хойш А. Навальный баруун хөл нь өвдөх болсон тухай шоронгийн удирдлагуудад удаа дараа мэдэгджээ. Үүний хариуд 2-р сарын 3-нд түүний биеийн халуун, цусны даралтыг хэмжин, камерт нь буцаасан аж. 2-р сарын 14-ний өдөр А. Навальныйг өөр өрөө лүү шилжүүлжээ.
Нас бардаг өдрийнхөө өглөө А. Навальный мөн л хөл нь өвдөж байгаа тухайгаа мэдэгдсэн ч засан хүмүүжүүлэх төвийн эмнэлгийн дарга Алексей Лисюк А. Навальныйгаас эрүүл мэндтэй холбоотой ямар ч гомдол ирээгүй хэмээн мэдэгджээ. 11:30 цагт хоригдлуудад өдрийн хоол тарааж, 12:10 цагт А. Навальный агаар амьсгалахаар гарсан ч удалгүй бие нь муудаж, түүнийг өрөөнд нь буцаажээ.
Өрөөндөө ороод А. Навальный газар өвдгөө тэврэн хэвтэж, цээж, гэдсээр нь халуу оргин өвдөж байгаа тухай мэдүүлэн, ёолж эхэлжээ. Харгалзагч нарын мэдүүлснээр А. Навальный бөөлжиж, бие нь таталт өгч байгаа мэт салганаж, амьсгаадаж, ханиалгаж байсан ч шоронгийн эмнэлгийн дарга А. Лисюк өдрийн хоолоо идэж дуусах хүртэл түүнийг тэр чигээр нь өрөөнд нь орхиж, хаалгыг нь цоожилжээ. 13:10 цагт А. Лисюк өдрийн хоолоо дууссаны дараа А. Навальныйд үзлэг хийжээ.
А. Навальныйг засан хүмүүжүүлэх төвийн эмнэлэг рүү шилжүүлж, орон дээр хэвтүүлэх үед А. Навальный хэдийн ухаангүй болсон байсан ба 13:35 цагт түргэн тусламжийнхан ирж, түүнийг сэхээн амьдруулахыг оролдсон ч үр дүнд хүрээгүй байна. Түргэн тусламжийн эмч нар урьдчилсан байдлаар түүнийг таталтын хам шинж, гэнэтийн үхлийн хам шинж гэсэн оношоор амьсгал хураасан болохыг тогтоожээ.
Юлия Навальнаягийн мэдээлснээр нөхрийнх нь хоригдож байсан засан хүмүүжүүлэх төв 24 цагийн камерын хяналттай хэдий ч нөхрийнх нь сүүлчийн өдрүүд камерт бичигдэж үлдээгүй байгаа нь сэжиг төрүүлж байгаа ба зөвхөн А. Навальныйн хоригдож байсан давхарт л гэхэд хяналтын 63 камер байсан гэдгийг онцолжээ.
Тэрээр, “Би дуугүй байхгүй. Владимир Путин миний нөхөр Алексей Навальныйн үхэлд буруутай. Оросын тусгай албаныхан хориотой химийн болон биологийн зэвсэг бүтээсэн гэж үзэж байна. А. Навальныйн биологийн сорьцод шинжилгээ хийсэн лабораториудаас хариугаа олон нийтэд ил болгохыг хүсэж байна.” гэжээ.






