
Хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болж, шүүхийн шийдвэрийг танилцуулав.
Шүүх хурлын дараа 16 настай амь хохирогчийн ээж хоёр өмгөөлөгчийн хамтаар хэвлэлийнхэнд ярилцлага өглөө.
Тэрбээр “Юуны өмнө намайг энэ хүртэл дэмжсэн нийт Монголчууддаа баярлалаа. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэдий ч намайг бүрэн дэмжсэн Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ би хуулийн хүрээнд өнөөдөр шийдвэр гарчихсан гэж бодож байна. Гэм буруутай хүмүүс нь гэм буруугаа хүлээх ёстой.
Хэдийгээр миний охин тэнгэрт байгаа ч гэсэн ээж нь нэг зүйлийг хэлье.
Миний охин онц хэрцгийгээр бусдын гарт амь насаа алдсан. Ганцхан тэр 15 минутын зургийг л би сошиал орчинд дэлгэсэн. Надад энэ л “сонголт” байсан.
Би энэ зургийг л олон нийтэд дэлгэх нь эцсийн сонголт байлаа. Тартагтаа тулсан учраас л би тэр зургийг сошиалд дэлгэж тавьсан юм шүү…
Хүний хүүхдийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөчихөөд, онц хэрцгийгээр бүлэг хэрэг хийсэн. Миний балчирхан жаахан охин яаж амь гуйж, аврал гуйсан бол доо”






