
Английн Ливерпүүл хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 04-14-ний өдрүүдэд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монгол Улсаас 10 боксчин тулалдаж, хоёр ширэн бээлийтэн медаль зүүсэн билээ.
Тодруулбал,
- Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Л.Алтанцэцэг – хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн 50 кг жинд А.Баттулга – мөнгөн медаль
Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга медалийн төлөө Испани тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангаад, улмаар мөнгөн медалийн төлөө Казакстаны туршлагатай тамирчин Санжар Ташкенбойтой тулалдан ялснаар мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.



Боксын Үндэсний шигшээ багийн залуу тамирчин, ширэн бээлийтэн “Битүү морь” Алдархишигийн Баттулга гэж хэн бэ


Ингээд амжилт, ялалтын гол эзэнтэй хөөрөлдсөн ярилцлагаа уншигч авхай та бүхний өмнө буулгаснаа хүргэе.
-Сайн байна уу? Юуны өмнө ДАШТ-нд амжилттай оролцоод ирсэнд нь баяр хүргэе.
-Сайн байна уу. Баярлалаа. Зорьсон зорилгоо биелүүлээд эх орондоо ирсэндээ баяртай байна.
-Анхны ДАШТ-нээсээ мөнгөн медаль зүүлээ. Жин нэлээд хасаж орсон гэж сонссон?
-Анх удаа ДАШТ-нд оролцлоо. Тэгээд 8кг хасаж оролцсон. Жингийн спорт учраас тамирчин хүн жингээ хасах, тэр бүхнээ зохицуулах тал дээр хатуужилтай, сахилга бат сайтай байж л даваад гардаг даа.
-Хамгийн хүнд тулаан аль нь байв?
-Хүрэл медалийн төлөө тоглоход л ер нь хэцүү байсан даа. Маш чухал хариуцлагатай, хүнд ч тулаан байсан. Өмнө нь бид хэдийг сайн бэлдсэн л дээ. Багш нар бид нарын бэлтгэлийг маш сайн хангаж, бэлдүүлсэн. Би ч өөртөө заавал медаль авна аа гэсэн зорилго тавьчихсан байсан. Зорьсон зорилгодоо хүрч чадсандаа маш их баяртай байна аа.
-Тэмцээний үеэр болон дараа нь залуу тамирчин, “Битүү морь” гээд л боксын спортынхон нэлээд шуугилаа?
-Зориод бэлтгэл сургуулилтаа хийсэн болохоор хүссэн, санасандаа хүрлээ, хичээлээ. “Алдар” спортын хороо, Боксын холбооны хамт олон, шигшээ багийн хамт олондоо, багш нартаа бүгдэд нь бүгдэд нь баярлалаа гэж хэлье дээ.
-Аливаа спортод хамгийн анхны суурь шавийг зөв тавих чухал. Анхны багш дасгалжуулагч нь хэн байв?
-Хамгийн анхны багш Аабатын Гантулга, Жигжидийн Отгонбаяр багш нар байлаа. Боксын спортод хөл тавьсан цагаасаа эхлэн “Алдар” спорт хороон дээр 10 жил хичээллэж байна. Түүн дээрээ суурилж явж байгаад Үндэсний шигшээ баг руу ороод О.Батхүү, Ж.Еркин, Д.Отгондалай багш нарынхаа удирдлага дор бэлтгэлээ хангаад явж байна. Тууштай явсны эцэст л ийм амжилт гаргалаа гэж бодож байна.


22 настай боксчин А.Баттулга боксын спортоор 10 дахь жилдээ хичээллэж байна
-Яг тулааны рингэн дээр гараад А.Баттулгын тулааны гол онцлог юу вэ?
-Ер нь тийм мэдрэмжтэй, реакцтай л явдаг даа. Мэдрэмжтэй, техниктэй тэгээд л тэрүүгээрээ л тулалддаг даа.
-Олон олон залуус, охидод боломж үргэлжид бий гэдгийг өөрөө амжилтаараа харууллаа. Спортоор хичээллэж буй хүүхэд, залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Бүх л зүйлд боломж бий. Өөрөө хичээж л чадвал бүх зүйл гоё болчихсон. Тэгээд л өөрөө хичээж байсны эцэст л тамирчны болон хувь хүний маш сайн сахилга баттай, хичээсний үр дүнд л ер нь болно доо.


-Энэ онд ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Дэлхийн цомын тэмцээн ирэх 11 дүгээр сард болно. Тэрэнд оролцоно. Сая манай шигшээ баг дээр Куб мэргэжилтэн ажилласнаараа бас онцлог байлаа. Бид хэдийг ингээд л бэлтгэл сургууль байн байн хийлгээд байгаа нь сайхан байна. Куб мэргэжилтэн, Пинеро Рубин Санчез дасгалжуулагчдаа бас баярлалаа гэдгээ хэлье.
-Сая дэлхийн аваргын тэмцээн дээр дасгалжуулагч багш нарынх нь гол зөвлөж хэлж байсан, арга барил, техник тактик юу байв?
-Энэ онд боксын шигшээ багийнхан маань Европын цуврал, дэлхийн цомын цуврал тулаанууд гээд л нэлээд хэдэн тэмцээнд оролцсон. Тэгээд бид нар өрсөлдөгч тамирчидтай байнгын тэмцээн уралдаанаас нэг нэгнийгээ хараад, тулааны арга барилыг нь мэддэг болцгоочихсон. Тэгээд л О.Батхүү багш маань за одоо ингэнэ шүү, өрсөлдөгч нь солгой юм байна, наадахтайгаа ингэж ажиллана, наадах чинь баруун юм байна. Одоо энэ дээр ингэж ажиллана. Хоёулангийнх нь давуу тал баруун хүнтэй байх юм бол чи тэгээд хойд гараасаа эхлээд ажиллаад л мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж зөвлөсөн. Ийм тактикуудыг багш нар маань байнга хэлж зөвлөж заадаг даа.
-Боксын спортын гоё сайхан талыг нь нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?
-Дуртай зүйлээ хийгээд явж байгаа болохоор маш гоё байдаг. Аав, ээж хоёр маань маш их дэмждэг. Аав, ээж, ах нартаа үргэлж баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
Ярилцсанд баярлалаа.


Их Британийн Ливерпүүл хотноо болсон 2025 оны Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 66 улсын 540 шилдэг тамирчин тулалдсан.
Монгол Улс медалийн нийлбэр дүнгээр 66 улсаас 12-р байранд бичигдэв.
Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг тэмцээн юм.
Монгол Улсын хэмжээнд насанд хүрэгчид, залуучууд, өсвөр, бага насны ангилалд эрэгтэй эмэгтэй нийлээд 1000 орчим тамирчид боксын спортоор хичээллэдэг гэсэн тоон судалгаа бий.






