
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дахь Ерөнхий ассамблейн үеэр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсортой ярилцлаа.
–Танд болон танай байгууллагад нутагтаа ийм нэр хүндтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Юуны өмнө Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо болон энэхүү арга хэмжээний талаар товч танилцуулна уу?
–Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоог 1964 онд байгуулсан бөгөөд өнөөдөр 66 орны 226 гаруй радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, бүс нутгийн хамгийн том мэргэжлийн холбоо юм. Тус холбооны гишүүдийн дунд Японы NHK, БНСУ-ын KBS, БНХАУ-ын CMG, Туркийн TRT, Австралийн ABC зэрэг дэлхийн нэр хүндтэй өргөн нэвтрүүлгийн байгууллагууд бий. Ерөнхий ассамблей бол холбооны гишүүдийн хувьд хамгийн том арга хэмжээ бөгөөд жилийн турш хийсэн ажлаа танилцуулж, цаашдын чиг хандлагаа хэлэлцдэг онцгой форум юм. Зүйрлүүлж хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд “АСЕМ”-тэй дүйцэхүйц арга хэмжээ гэж болно. Энэ удаад Монгол Улс нутагтаа зохион байгуулж байгаагаараа нэр хүндийн төдийгүй хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой боллоо.
– Энэ жилийн арга хэмжээ ямар онцлогтой байв?
–Энэ жилийн Ерөнхий ассамблей “Соёлын өвийг хамгаалахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулсан нь онцгой ач холбогдолтой байлаа. Өргөн нэвтрүүлгийн байгууллагууд зөвхөн мэдээлэл түгээхээс гадна улс үндэстнийхээ үнэт соёлын өвийг хадгалж хамгаалан, хойч үедээ өвлүүлэх эрхэм үүрэгтэй гэдгийг энэхүү хурлаар онцолсон. Мөн хиймэл оюуныг салбартаа хэрхэн зөв, бүтээлчээр ашиглах, залуу үзэгчдийн анхаарлыг татаж, тогтоон барих зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ. Өнөөдөр залуус төрөхдөө л интернэт, ухаалаг төхөөрөмжтэй өсч байгаа тул бид стратегиа тэдний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэх шаардлагатай болсон. МҮОНРТ энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Энэ удаагийн арга хэмжээг зөвхөн телевизийн нэвтрүүлгээр бус олон төрлийн платформ, олон янзын форматаар дамжуулан үзэгч, сонсогчдод хүргэсэн нь онцлог байлаа. Мөн хиймэл оюуны хэрэглээний чиглэлээр Монголын инженер, ТВ5 телевизийн Д.Оюунтуяа олон улсын “Шилдэг инженерийн шагнал”-ыг хүртсэн нь манай мэргэжилтнүүдийн ур чадварыг харуулсан бахархам үйл явдал болсон.Дөнгөж сая МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдлоо. Бас хүчтэй өрсөлдөгч Узбекистантай нэлээд ойр саналын зөрүүтэй өрсөлдөж, ялсан.
–Ер нь Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор МҮОНРТ болон Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?
–Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны удирдах зөвлөл нь нийт 18 гишүүнтэй бөгөөд бүс нутагтаа төдийгүй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бүрддэг. Энэ удаагийн сонгуульд манай гол өрсөлдөгч нь Узбекистан улсын Үндэсний радио, телевиз буюу “Ўзбекистон Миллий телерадиокомпанияси” байсан. Тус улс 36 сая гаруй хүн амтай, Төв Азийн хамгийн том эдийн засагтай орны нэг бөгөөд өргөн нэвтрүүлгийн салбарт сүүлийн жилүүдэд хүчтэй шинэчлэл хийж, олон улсын тавцанд идэвхтэй өрсөлдөж байгаа байгууллага юм. Ийм өрсөлдөгчтэй ойрхон саналын зөрүүгээр ялалт байгуулсан нь Монголын өргөн нэвтрүүлгийн салбарын чадавх, нэр хүндийг нотолсон үйл явдал гэж үзэж байна. Манай амжилтын гол үндэс нь энэ жил эх орондоо хоёр том арга хэмжээг амжилттай зохион байгуулсан явдал байлаа. Үүнд: “ABU Robocon 2025” олон улсын роботын тэмцээн болон өнөөдрийн Ерөнхий ассамблей багтана. Ийнхүү Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор Монгол Улс бүс нутгийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын дунд Япон, БНСУ, БНХАУ зэрэг орны радио, телевизийн байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллах боломжийг олж авч байна. Энэ нь зөвхөн нэр хүндийн төдийгүй харилцан туршлага солилцох, мэдлэгт суралцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээж өглөө. Мөн улс орноо олон улсын тавцанд сурталчлах, Монголын өргөн нэвтрүүлгийн салбарын байр суурийг бэхжүүлэх чухал алхам болсон.
–Танай байгууллагын цаашдын зорилт юу вэ?
–Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз бол Монгол Улсын цорын ганц олон нийтийн өмч бүхий өргөн нэвтрүүлгийн байгууллага. Бусад улсын үндэсний радио, телевизийн нэгэн адил өөрийн тусгай хуулиар зохицуулагддаг бөгөөд гурван үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, улс үндэстнийхээ үнэт өв соёлыг хадгалж хамгаалах, хоёрдугаарт, иргэдийг соён гэгээрүүлэх, гуравдугаарт, олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх. Манай байгууллагын эрх барих дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажилладаг. Цаашдын зорилгын хувьд бид хоёр чиглэлд онцгой анхаарч байна. Нэгдүгээрт, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн орчин, үзэгчдийн зан төлөвт нийцүүлэн илүү хүртээмжтэй, чанартай контент үйлдвэрлэх юм. Ялангуяа залуус, шинэ үеийн үзэгчдэд ойртох стратегийг хэрэгжүүлэх нь бидний тэргүүлэх зорилт. Хоёрдугаарт, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахын тулд олон нийтийн оролцоотойгоор хураамжийн асуудлыг шийдвэрлэх, ил тод байдлыг бэхжүүлэхийг зорьж байна. Эдгээр зорилтод хүрснээр МҮОНРТ зөвхөн дотооддоо төдийгүй бүс нутагтаа өрсөлдөхүйц, нэр хүндтэй олон нийтийн өргөн нэвтрүүлгийн байгууллага хэвээр байх болно гэж итгэж байна.






