
Монголын Форрест Гамп буюу Марафонч Бат-Очирын Сэр-Од гэж хэн бэ
Марафон бол тамирчнаас асар их тэсвэр тэвчээр, техник тактик, сэтгэлзүй, шавхагдашгүй хүч, олон өдөр сарын тууштай бэлтгэл сургуулилтын үр дүнг шаарддаг. Ийм хүнд хэцүү тэмцээнд тэр дундаа тасралтгүй тогтмол 12 дахь удаагаа хөнгөн атлетикийн ДАШТ-нд эрхээ авч оролцоно гэдэг бол хэн хүний хүсээд, зориод биелүүлэн дааж чадах амар хялбар, зөөлөн ааруул бишээ.

Гадаа салхи бороотой, хүйтэн, чийгтэй сэрүүхэн, маш бүгчим халуун байсан ч марафончид уралдаж, замаа ажралгүй туулж л байдаг. Энэ бол тухайн тамирчныг ямар их туршлага, тэвчээртэйг илтгэнэ.


МУГТ, марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од Хөнгөн Атлетикийн ДАШТ-нд 12 удаа оролцсон амжилтаар “Дэлхийд анхдагч Марафон гүйлтийн тамирчин” болж байна.


Тэрбээр өдгөө 43 настай бөгөөд Япон улсын нийслэл Токио хотноо болж буй хөнгөн атлетикийн марафон гүйлтийн 42км 195 метрийн зайд амжилттай гүйж, 2:30:09 хугацаанд бүх замаа амжилттай туулан, барианд орж, 45-р байрт бичигдсэн юм.


Бат-Очирын Сэр-Од 1995 оноос эхэлж хөнгөн атлетикийн спортын 1500м 3000м 5000м 10,000м зай болох дунд болон холын зайн гүйлтээр хичээллэж эхэлсэн. Марафон гүйлтээр 2002 оноос эхэлж хичээллэж эхэлсэн байдаг.


Түүний амжилтууд
Монгол улсын Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 1997 онд анх Хүрэл медаль авснаар эхэлжээ. Олон улсын тэмцээн уралдааны тухайд 1998 оны 8 сард Хятад улсын цагаан хэрэм дээр болсон 5км-ийн тэмцээнээс Алтан медаль авсан.
Анх 2003 оны 8 сард Франц улсын Парис хотод болсон ДАШТ-д оролцож Монгол улсын марафон гүйлтийн дээд амжилтын шинэчлэн тогтоож 2:26’39” гүйсэн.


Зуны олимпын наадмын хувьд
Тэрбээр 2004 онд Грек улсын Афин хотод зохиогдсон Зуны олимпт оролцож байсан. Нийт 6 удаа зуны олимпын наадам, 12 удаа ДАШТ-ий замд уралдаж буй чансаатай, чадвартай дэлхийн хэмжээнд ховорхон тамирчдын нэг юм.






Мөн спортын замналын нийт хугацаандаа 3 удаа Хагас марафон гүйлтийн ДАШТ, 4 удаа Азийн наадамд оролцсон. 2003 оноос эхэлж ДАШТ бүрт Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбооноос гаргасан Цагийн болзол биелүүлж эрхээ авч өнөөдрийг хүртэл амжилттай оролцож байна.




2007 онд Хятад улсын Бээжин хотод зориогдсон Бээжин олон улсын марафон гүйлтийн тэмцээнд 2:16’22” амжилтаар Монгол улсын Дээд амжилтыг тогтоож, улмаар тухайн үед Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбооноос гаргасан Цагийн болзол 2:18’ дотогш гүйн эрхээ биелүүлж өнөөдрийг хүртэл оролцож байна.




Энэ удаагийн Токио ДАШТ эрх 2:06’30” (50 тамирчин) Оноогоор (50 тамирчин) нийт 100 тамирчин оролцохоос түүний хувьд оноогоор болзол биелүүлж оролцжээ.




Дараагийн оролцох тэмцээн
2025 оны 10 дугаар сарын 26-нд Хятад улсад зохиогдох Зүүн Азийн хагас марафон гүйлтийн АШТ-д оролцоно. Түүний дасгалжуулагчаар гэргий А.Оюунтуяа нь ажилладаг юм.




30 жил тасралтгүй хөнгөн атлетикийн спортоор хичээллэж буй Б.Сэр-Од Монгол Улсыг дэлхий дахинаа таниулсаар яваа. Түүний тууштай хөдөлмөр, тэвчээр хатуужлыг өнөөдөр ч дэлхийн бүх хэвлэлүүд шуугисаар байна.








