Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Шведийн засгийн газар 2026 оны хичээлийн шинэ жилээс ерөнхий боловсролын бүх сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор болжээ. Шинэ журмын дагуу сурагчдын аюулгүй байдал болон сурах орчныг сайжруулах зорилгоор хичээлийн болон танхимын бус сургалтын цагаар сурагчдын гар утсыг хураан авч байхаар болсон байна.
Шведийн Боловсролын сайд Симона Мохамссоны мэдэгдсэнээр Шведийн засгийн газар сургуулиудад хөрөнгө оруулалт, шинэчлэлт хийхэд зориулж сүүлийн 30 жилд байгаагүй түүхэн төсвийг баталсан ба үүнд сургалтын хөтөлбөр, үнэлгээний систем, багш нарын сургалтыг сайжруулах, сургуулийн орчинд гар утсыг хориглох журмыг хэрэгжүүлэх зэрэгт шаардлагатай хөрөнгө мөнгийг багтаажээ.
Шинээр хэрэгжих журмын дагуу 7-16 насны сурагчид сургууль дээрээ ирээд гар утсаа хураалгаж, хичээл тарсны дараа утсаа буцаан авдаг болох аж.
Шведийн ихэнх сургуулиуд хичээлээс өмнө сурагчдын гар утсыг хураан авдаг ч сурагчид утсаа мартсан эсвэл утас нь эвдэрсэн гэж худал хэлж, эсвэл бүр илүү утас авчирч, уг журмыг ямар нэг байдлаар тойрч гарах оролдлогуудыг хийдэг аж.
Шинэ журам нь Шведийн бүх сургуулиудад хэрэгжиж, бүх сурагчдад үйлчилнэ гэдгийг Боловсролын сайд С. Мохамссон онцолжээ. Энэ оны эхээр Дани улс сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно гэдгээ мэдэгдсэн бол өнгөрсөн жил Норвеги улс нийгмийн сүлжээг 15-аас доош насныхан хэрэглэхийг хориглосон юм. 2024 оны 1-р сард Нидерландын засгийн газар ангид гар утас ашиглахыг хориглосон зөвлөмж гаргасныг тус улсын ихэнх сургуулиуд хэрэгжүүлж эхэлсэн ба үүний ачаар сурагчдын анхаарал төвлөрөлт, сурах орчин сайжирсан болох нь судалгаагаар тогтоогджээ.
Франц улс мөн адил дунд сургуулиудад гар утас ашиглахыг хориглосон журам батлаад байгаа билээ.






