
Өнгөрсөн 2-р сард Хятадын халуун тогооны хамгийн том сүлжээ рестораны Шанхай хот дахь салбар ресторанд архи согтууруулах ундаа хэрэглэсэн 17 насны хоёр эрэгтэй хүүхэд халуун тогоонд байсан шөл рүү шээж байгаа бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтэлж, олны уур бухимдлыг төрүүлсэн билээ.
Haidilao сүлжээ ресторан уг үйл явдалтай холбоотойгоор 2-р сарын 24-нөөс 3-р сарын 8-ны хооронд ресторанаар нь үйлчлүүлсэн 4000 гаруй үйлчлүүлэгчдэдээ нөхөн төлбөр олгосон ба халуун тогооныхоо бүх сав суулга, аяга тавгийг сольж, ресторандаа цэвэрлэгээ, ариутгал хийж, 23 сая гаруй юанийн алдагдалд орсноо мэдэгдсэн юм.
Өнгөрсөн баасан гарагт Шанхай хотын шүүх хэрэгт холбогдсон хоёр хүүхдийг Haidilao компанийн өмчийг сүйтгэж, гутаан доромжлох байдлаар нэр хүндийг нь унагаж, рестораны өмч хөрөнгийг бохирдуулж, олон нийтийг бухимдуулсан гэж үзсэнээс гадна эцэг эхчүүдийг нь эцэг эх, асран хамгаалагчийн үүргээ гүйцэтгэж чадаагүй хэмээн Haidilao компанид 2.2 сая юань төлөхийг үүрэг болгожээ.






