
Олон улсын зах зээлд алтны үнэ өссөнтэй холбоотойгоор хууль бусаар алт олборлогчдын ашигладаг мөнгөн усны эрэлт нэмэгдэж, үнэ нь түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Мексик улс нь жилд 200 тонн мөнгөн ус олборлож, мөнгөн усны олборлолтоороо БНХАУ-ын араас дэлхийд хоёрт бичигддэг юм.
Хууль бусаар алт олборлогчид хямд үнээр мөнгөн ус худалдаж авахаар Мексикт дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг аж. Мөнгөн усны эрэл өссөнтэй зэрэгцэн амьжиргаагаа залгуулж, гэр бүлээ тэжээхийн тулд мөнгөн ус олборлох уурхайнуудад ажиллахыг илүүд үзэх болсон мексикчүүдийн тоо улам бүр нэмэгдэж, мөнгөн усны хор нөлөөний тухай асуудал тус улсад дахин сөхөгдөх нэг шалтгаан болжээ.
Мөнгөн ус нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үлэмж сөрөг нөлөө үзүүлдэг химийн бодис бөгөөд дэлхийн 100 гаруй улс тус химийн бодисын хор нөлөөг хүлээн зөвшөөрч, мөнгөн усны бохирдлыг бууруулж, мөнгөн усыг ашигладаг үйлдвэрлэлийг хязгаарлах тухай 2013 оны 10-р сард батлагдсан Минаматагийн конвенцид нэгдээд байгаа билээ.
Гэтэл Мексикийн зөвхөн Керетаро мужид 2011 онд 1 кг нь 20 ам.долларын үнэтэй байсан уг химийн бодисын үнэ өнөөдөр 1 кг нь 240-350 ам.долларын үнэтэй болж, эрэлт нь огцом өсжээ. Тус мужид мөнгөн ус олборлодог хувь хүмүүс өөрсдийгөө төдийгүй гэр бүлийнхнээ мөнгөн усаар хордуулаад зогсохгүй байгаль орчноо бохирдуулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Нэг килограмм мөнгөн ус гаргаж авахын тулд иргэд газар доороос 1 тонн орчим чулууг зөөж гарган, өөрсдийн барьсан тоосгон пийшиндээ шатааж, мөнгөн усыг нь ялгаж авдаг байна.
Судлаачид мөнгөн ус олборлогчид болон тэдгээрийн гэр бүлийнхний эрүүл мэндэд гарч буй өөрчлөлтүүдийг ажиглах явцдаа мөнгөн усны хордлогын хамгийн ноцтой шинж тэмдгүүд илэрч байгааг ажиглажээ.
Үүнд гар хөл нь салганах, хараа болон сонсголоо алдах, мэдрэлийн гаралтай өвчин эмгэгтэй болох, хүүхдүүдэд нь хөгжлийн хоцрогдол илрэх, хэл яриа нь өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагджээ.






