
Хятадын ByteDance компанийн TikTok нийгмийн сүлжээний АНУ дахь үйл ажиллагааг Америкийн компанид худалдах асуудал жил тойрон яригдсаны эцэст тодорхой үр дүнд хүрчээ.
Америкийн Сангийн сайд Скотт Бессентийн мэдэгдсэнээр Вашингтон, Бээжин хоёр уг асуудал дээр зөвшилцөлд хүрсэн ба АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин нарын уулзалтын дараа энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгдэх болно гэжээ.
Д. Трампын засаг захиргаа TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг худалдан авсан компанийн нэрийг зарлахаас татгалзсан ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худалдан авагч нь тэрбумтан Ларри Эллисоны Oracle компани байх өндөр магадлалтайг онцолж байна.
Учир нь Ерөнхийлөгч Д. Трамп TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг Л. Эллисон худалдан авахыг дэмжиж байгаагаа тусгайлан илэрхийлж байсан юм. 2024 онд АНУ-ын Конгресс TikTok аппликейшныг эзэмшигч ByteDance компани АНУ дахь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцдаг байж болзошгүй гэж үзэн ByteDance компанийг АНУ дахь салбараа Америкийн компанид худалдахыг үүрэг болгосон ба уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд TikTok аппликэйшнийг АНУ-д хориглохоо мэдэгдсэн билээ.






