
Одоогоос жил гаруйн өмнө бусдын гарт амь насаа алдсан 16 настай охинд зориулсан гэрэлт зул өргөх өргөх ёслол өчигдөр /2025.09.16/ боллоо.

Олны дунд охин дүүгээ хамгаалахыг хүссэн залуус, хүүхдээ тэврээд, хөтлөөд ирсэн аав, энгэр нь ч хатаж амжаагүй ижил зовлонт ээжүүд, нас барсан охиныг өмөөрөн өмөлзөн зогсох үе тэнгийн охид, хандалтын төлөө ирсэн лайвчид гээд тэнд өнгө өнгийн хүмүүс ирсэн байв.
Манай сурвалжлах баг тус ёслолыг шууд дамжуулж байсан тул сэтгүүлчийн нүдэнд түрүүлж өртсөн хүмүүсээс асуултаа асуугаад явлаа.




Үе тэнгийн залуусын хэлэх үг ижил.
“Би охин дүүтэй хүн. Миний дүү шиг маш олон охидыг ийм айдастай нийгэм битгий тосож аваасай. Аюулгүй тайван аж жаргалтай амьдруулмаар байна гэв.
Бид өнөөдөр энд зөвхөн энэ охины төлөө ч биш өөрсдийнхөө ирээдүйн төлөө зул өргөж байна. Манай үеийн залуучууд яагаад ийм хэрцгий, балмад болчхов оо. Хар тамхи гэх зүйлээс хол байгаарай гэж залуустаа уриалмаар байна” гэх.
Үүний дараагаар дэнлүүнд чин сэтгэлээсээ хүслээ бодон залбирч байсан эмэгтэйгээс яриа авах гэтэл хоёр хүүхдээ алдаад удаагүй гэх.
Түүнийг алгасан дараагийн эмэгтэйгээс асуух гэтэл “эгч нь бас хүүхдээ алдаад удаагүй байна” гэлээ.


Бид шууд дамжуулалтаа дуусгаад явах гэтэл нэгэн эмэгтэй царайгаа харуулахгүйгээр яриа өгөхийг хүссэн юм. Тэрээр:
Би 30 настай хүүгээ алдаад жил ч болоогүй байна. Зүгээр л найзуудтайгаа уулзах гээд гарсан хүү минь архи уугаагүйнхээ төлөө араасаа хутгалуулаад газар дээрээ нас барсан.
Тэр этгээд хар тамхи хэрэглэсэн байсан. Хүнээс уучлалт ч гуйж чаддаггүй ийм балмад залуусыг бүтээж байгаа нь эцэг эхийн буруу, Хүүхдэдээ мөнгө төгрөг, эд хөрөнгө харамгүй урсгаж хар тамхинд донтуулж байхаар хайраар дүүрэн зөв хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нь хүүхдээ сэтгэл дүүрэн зөв хүмүүжилтэй өсгөж байхад буруу хүмүүсийн гарт амь насаа алдана гэдэг харамсалтай шүү дээ.
Гурав, дөрвөн гадаад хэлтэй байгаад яах юм бэ. Хүнд чинь бас сэтгэл гэж зүйл байдаг. Хүүхдээ л зөв хүмүүжүүлээрэй гэв.
Ийнхүү бидний шууд дамжуулалт бөгөөд ярилцлага дуусав. Зул өргөх ёслол үргэлжилсээр үлдсэн юм.








