
Сүүлийн 5 жилд Монгол Улсад гарч буй хог хаягдал 3.5 сая тоннд хүрч, 30 орчим хувиар нэмэгдсэн. Үүнээс дийлэнхийг нь буюу 73.1 хувийг газарт булшилж, 6.1 хувийг шатаадаг. Харин хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр 70 гаруй байгаа ч нийт хог хаягдлын ердөө 4 орчим хувийг дахин боловсруулдаг. Гэтэл хог хаягдлыг газарт булшилж, шатааж байгаа нь хөрс, ус болон агаарын бохирдлыг нэмэгдүүлэх, байгаль орчны тэнцвэрийг алдагдуулах гээд олон эрсдэл дагуулсаар байна. Мөн түүнчлэн дахин боловсруулах боломжтой хог хаягдлын маш бага хувь ашиглагдаж байгаа нь нөөцийн үр ашиггүй зарцуулалтыг илтгэж, эргээд энэ хог хаягдал уур амьсгалын өөрчлөлтөд төдий хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Монгол Улсад тулгамдаад буй энэхүү хог хаягдлын асуудлыг дахин боловсруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг бизнесийг дэмжих, дараагийн шатанд хөгжүүлэх, байгаль орчинд эергээр нөлөөлөх, санхүүгийн өгөөж өгөх зорилготой “Ри Сайкл” нөлөөллийн хөрөнгө оруулалтын санг 2023 онд Рио Тинто Монгол өөрийн санхүүжилтээр Инвескор санхүүгийн групптэй хамтран байгуулжээ. Өдгөө хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус “Ри Сайкл” сан нь нийгэм болоод байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх олон төсөлд хөрөнгө оруулалт хийгээд байна.
Тэгвэл нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан гэдгийг ойлгохын тулд эхлээд энгийн хөрөнгө оруулалтын санг ойлгох хэрэгтэй болно. Энгийн хөрөнгө оруулалтын сан гэдэг нь урьдчилан сайтар судалсны үндсэн дээр ашигтай гэж үзэж байгаа санхүүгийн хэрэгслүүд болоод ирээдүйд ашиг нь өснө гэж үзэж буй компаниудад хөрөнгө оруулж, ашиг олох зорилготой сан юм. Товчхондоо гол зорилго нь ашиг олох. Харин нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан нь үүнээс нэг алхмын урдах нүүдлийг хардаг. Тодруулбал, нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан нь байгаль болон нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой бизнесүүдэд хөрөнгө оруулах замаар ашиг олдог санг хэлээд байгаа юм. Жишээ нь, нарны эрчим хүч үйлдвэрлэдэг компанид хөрөнгө оруулбал, сангийн хувьд ашиг олно, харин нийгмийн хувьд олон айл гэр цэвэр эрчим хүч ашиглаж, нүүрс түлэх нь багасаж, байгаль орчин болон тухайн өрхийн санхүүд ч ашигтай. Нэг ёсондоо байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг хамтад нь бий болгох боломжийг бүрдүүлж байгаа хэлбэр. Хамгийн анх 2007 онд Английн Bridges Fund Management болон та бидний сайн мэдэх Америкийн Rockefeller сангууд тус сангийн үндэс суурийг тавьж анхны нөлөөллийн хөрөнгө оруулалтын санг байгуулж байв. Удалгүй 2009 онд нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангуудыг холбосон Global Impact Investing Network (GIIN) платформ үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл дэлхийн 60 гаруй улсаас бүрдсэн гишүүн хөрөнгө оруулалтын сангийн тоо 470-д хүрээд байна. Өнгөрсөн 2024 оны байдлаар, GIIN-д бүртгэлтэй нөлөөллийн сангуудын удирдаж буй хөрөнгө 1.57 их наяд ам.доллар хүрч, сүүлийн 5 жилд жилд дунджаар 21% өсөлт үзүүлжээ.


Одоогоор “Ри Сайкл” сангаас хөрөнгө оруулалт хийсэн төслүүдийн дундаас онцолбол, агаарын бохирдлын эсрэг байгальд ээлтэй материал ашиглан агаар цэвэршүүлэгч төхөөрөмж бүтээж буй Airee (Гарааны Эйрий Фэлт ХХК), хар тугалган батарейг дахин боловсруулж буй Электрокем Монгол ХХК, хаягдал хуванцар дахин боловсруулах Монпласт Индастри ХХК, мөн хайбрид автомашины батарей дахин цэнэглэгч Билгүүн Автомарт ХХК гэсэн компаниуд байгаа юм. Эдгээр компаниуд нь байгаль орчны бохирдлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж, нийгэмд хүртээмжтэй шийдэл болж байна.








