
Өнгөрсөн ням гарагт Туркийн Анкара хотод Туркийн гол сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намыг дэмжигч олон арван мянган иргэд эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. Жагсаал энэ даваа гарагт шүүх хурлаар Бүгд найрамдах ардын намын 2023 оны 11-р сард хийсэн их хурлыг хүчингүйд тооцох эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой бөгөөд шүүх тус намын их хурлыг хүчингүйд тооцвол Бүгд найрамдах намын даргаар тухайн үед томилогдсон Озгюр Озелийн томилгоо хүчингүй болж, намын дотоод бүтцэд өөрчлөлт орж, цаашлаад 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа өөрчлөгдөх эрсдэлийг дагуулах аж.
2024 оны орон нутгийн сонгуулиар Бүгд найрамдах ардын нам Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Шударга ёс, Хөгжлийн намыг үнэмлэхүй ялж, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн юм. Тэгвэл сүүлийн нэг жилд Туркийн хууль сахиулагчид авлига болон терроризмын хэргээр Бүгд найрамдах ардын намын 500 гаруй гишүүдийг баривчлаад байгаа ба тэдгээрийн дотор Эрдоганы хамгийн том өрсөлдөгч гэгддэг, Бүгд найрамдах ардын намын 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдогантай өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлсэн Истанбул хотын дарга Экрем Имамоглу багтаж байгаа юм.
Э. Имамоглуг баривчилсантай холбоотойгоор өнгөрсөн 3-р сард Турк даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөн билээ. Ням гарагт Анкара хотод болсон жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Эрдоганыг огцрохыг шаардаж, Бүгд найрамдах ардын намын тэргүүн Озгюр Озель жагсагчдад хандан Туркийн засгийн газар ардчиллыг үгүй хийж, сөрөг хүчнийхнийг шахан дарамтлах замаар төрийн эрх мэдэлд үлдэхийг оролдож байна хэмээн мэдэгджээ.
Тэрээр, “Энэ бол цэвэр улс төрийн сэдэлтэй. Буруутгаж байгаа үндэслэлүүд нь бүгд зохиомол. Бидний нөхөд ямар ч гэм буруугүй. Одоо болж буй зүйл бол нэг ёсны төрийн эргэлт, ирээдүйн ерөнхийлөгч, засгийн газрын эсрэг төрийн эргэлт. Бид үүний эсрэг тэмцэх болно.” гэжээ. Нөгөө талаас Туркийн засгийн газар шүүх тогтолцоо нь төрөөс хараат бус, бие даасан институц гэдгийг онцолжээ.






