
Өнгөрсөн бямба гарагт хэт барууны үзлийг дэмжигч гэдгээрээ олон танигдсан Томми Робинсоны Лондон хотод зохион байгуулсан цагаачлалын эсрэг жагсаалд 150 мянган хүн нэгджээ.
Дэлхийн хамгийн чинээлэг хүн, тэрбумтан Илон Маск цагаачлалын эсрэг жагсаалд нэгдсэн иргэдтэй видео холбоогоор холбогдож хэлсэн үгэндээ цагаачлал ямар ч хяналтгүй явагдаж байгааг онцлон, Их Британийн парламентыг тарааж, дахин сонгууль явуулах шаардлагатай тухай дурджээ.
Цагаачлалын эсрэг “Unite the Kingdom” жагсаалтай зэрэгцэн арьс өнгө, яс үндсээр ялгаварлахын эсрэг “Stand Up To Racism” нэртэй жагсаал мөн зохион байгуулагдсан ба тус хоёр жагсаалд оролцогчид хооронд мөргөлдөөн үүсгэхээс сэргийлж, цагдаа нар хоёр жагсаалыг хооронд нь тусгаарлажээ.
Цагдаа нарын хамгаалалтыг давж, “Stand Up To Racism” жагсаал өрнөж байсан байршилд нэвтрэх гэсэн жагсагчид цагдаа нарын биед халдаж, шилэн лонх зэрэг гарт таарсан объектуудаа шидсэнээс болж 4 хүн хүндээр гэмтэж, цагдаа нар 25 хүнийг баривчилжээ.






