
Япон улсад 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоо энэ оны 9-р сарын байдлаар 99 763-д хүрчээ. Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тэдгээр зуун настангуудын 88 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.
Зуун настангуудын тоогоороо Япон улс 55 жил дараалан рекорд тогтоож байгаа ба дэлхийн хамгийн өндөр настай хүн рекордын эзнээр Япон улсын иргэд тодрох нь элбэг байдаг билээ.
Хүн амын дундаж наслалтаар дэлхийд тэргүүлэгч тус улсын хувьд хүн ам нь хамгийн хурдацтай хөгширч байгаа улс орнуудын нэг болоод байгаа юм.
Япон улсын хамгийн өндөр настай хүн 114 настай Шигэко Кагава Хоншүү арал дээрх Нара хотын захад амьдардаг бол хамгийн өндөр настай эрэгтэй болох 111 настай Киёотака Мизүно далайн эргийн Ивата хотод амьдардаг аж.
Япон Эрүүл мэндийн сайд Такамаро Фүкока зуун насны босгыг давсан 87 784 эмэгтэй, 11 979 эрэгтэйд баяр хүргэж, нийгмийн хөгжилд оруулсан олон арван жилийн хичээл зүтгэлд нь талархаж буйгаа илэрхийлжээ.
Жил бүрийн 9-р сарын 15-нд Японд Ахмадын өдрийг тэмдэглэдэг ба энэ өдөр шинээр 100 нас хүрсэн иргэд Японы Ерөнхий сайдаас баярын мэндчилгээ болон мөнгөн аяга бэлгэнд авдаг аж. Энэ онд л гэхэд 52 310 хүн 100 нас хүрчээ.
1963 онд хийсэн судалгаагаар тус улсад 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 153 байсан бол 1981 онд энэ тоо 1000-д хүрч, 1998 онд 10 000-ыг давжээ.






